ОЮУНЫ ӨМЧ/ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТАЛААР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНД ТУСГАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

2023-10-13

ОЮУНЫ ӨМЧ/ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТАЛААР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНД ТУСГАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

Тус нийтлэлээр уншигч танд зохиогчийн эрхийн зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээнд хэрхэн тусгах талаар тайлбарлахыг зорилоо. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулдаг. 

Зохиогчийн эдийн бус баялгийн эрх (амины эрх) болон эдийн баялгийн эрх (эд хөрөнгийн  онцгой эрх) гэж юу вэ? түүний ялгаа, онцлог шинж 

Эдийн бус баялгийн эрх 

“Иргэний амины эрх нь бусдад шилжүүлж болдоггүй, гагцхүү тухайн хүнтэйгээ буюу түүний нэртэй шууд холбоотой”[1] байдаг бөгөөд түүнийг зохиогчийн эдийн бус баялгийн эрх гэх ба тус эрхийг хэнд ч шилжүүлэх боломжгүй. Зохиогч нь бүтээлийнхээ хувьд:

  1. өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;
  2. зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;
  3. бүтээлээ нийтийн хүртээл болгох, бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;
  4. бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох зэрэг эдийн бус баялгийн эрх эдэлнэ. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд шилжүүлэх боломжгүй энэхүү эрхийг эдийн бус баялгийн эрх буюу амины эрх гэдэг.

Эдийн баялгийн эрх 

Зохиогч нь өөрийн бүтээлийнхээ онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлэх бүрэн боломжтой. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд:

  1. хуулбарлах
  2. нийтэд түгээх
  3. нийтэд дамжуулах
  4. нийтэд тоглох
  5. нийтэд дэлгэж үзүүлэх
  6. түрээслүүлэх
  7. үүсмэл бүтээл болгон өөрчлөх хамаарна.

Эдийн баялгийн болон эдийн бус баялгийн эрхийн хамгийн том ялгаа нь тус эрхээ бусдад шилжүүлэх боломжтой, эсхүл боломжгүй байгаад оршино. Зохиогч нь эдийн баялгийн эрхээ бусдад шилжүүлэхдээ бүтээлийг ашиглах арга, хэлбэр, хугацаа, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ, бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх журам, хугацаа, зохиогчийн эрх, үүрэг, бүтээлийг ашиглах этгээдийн эрх, үүрэг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хариуцлага гэх мэтийг тохиролцон бүтээлийн онцгой эрхээ бусдад шилжүүлж болдгоороо онцлогтой. 

Зохиогчийн эрхийн зохицуулалтын талаар Хөдөлмөрийн гэрээнд тусгахын ач холбогдол юу вэ? 

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд албан үүргийн дагуу туурвисан бүтээл[2] (шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерын программ, хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл г.м)-ийн эдийн бус баялгийн  эрхийг ажилтан эдлэх эрхтэй. Тиймээс албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн хувьд ч амины эрхийг зөвхөн ажилтан эдэлнэ.

Хуульд “Албан үүргийн дагуу туурвисан бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх этгээдийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ”[3] гэж зохицуулсан тул хөдөлмөрийн гэрээнд энэ талаар зохицуулалт оруулж өгөөгүй тохиолдолд ажил олгогч бүтээлээ ашиглах онцгой эрхээ хэрэгжүүлэхэд зохиогч(ажилтан)-ийн бичгээр олгосон зөвшөөрөл шаарддаг. Хэрэв зохиогч тус бичгээр зөвшөөрөл өгөхөөс татгалзсан бол ажил олгогч  тухайн бүтээлийн эдийн баялгийн эрхийг эдлэх боломж хязгаарлагдана гэсэн үг юм. Ийнхүү тухайн харилцааг хөдөлмөрийн гэрээгээр талууд тохиролцож зохицуулаагүйгээс тухайн бүтээлтэй холбоотой маргаан үүсэх эрсдэлтэй юм

Мөн ажил олгогч ийнхүү бүтээл ашиглах онцгой эрхийг эдэлсний үндсэн дээр өөрийн үндсэн үйл ажиллагаанаас гадна ашиг олох зорилгоор бүтээлийг бусдад ашиглуулсан бол ажилтан бүтээл ашигласны төлбөрөөс хүртэх хэрэгтэй. Хуульд ажилтан ийнхүү ашиглуулсны төлбөрөөс хэр хэмжээтэй хүртэхийг нарийвчлан заагаагүй бөгөөд талууд энэ талаар хөдөлмөрийн гэрээндээ нарийвчлан тодорхойлох шаардлагатай.

Албан үүргийн дагуу туурвисан бүтээл болохыг ажилтны ажлын байрны тодорхойлолт, эсхүл ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлно. Харин ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр тодорхойлсон чиг үүрэгт хамаарахгүй, эсхүл тусгагдаагүй тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг ажилтан эдэлнэ. Орчин үед мэдээллийн технологи өндөр хөгжиж, ажилтан өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн хүрээнд болон бусад байдлаар оюуны бүтээл туурвих илүү өргөн боломж нээлттэй болж байна. Иймд ажил олгогч, ажилтан аль аль нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, ажлын байрны онцлог, цалин урамшууллын хэмжээ гэх мэт онцлог нөхцөл байдалдаа тохируулан оюуны өмч/зохиогчийн эрхийн зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээнд тусгаж байх шаардлагатай. 

Албан үүргийн дагуу бүтээл туурвих, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчни төгөлдөр байна. Хэрэв бүтээлийг туурвиснаас хойш 30 жидийн хугацаанд нийтлээгүй бол бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл туурвиснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.

Хэрэв та хөдөлмөрийн харилцаанд орох гэж байгаа бол хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, гэрээгээр тохиролцож заавал тусгавал зохих зүйлсийг гэрээндээ тусгахдаа энэхүү нийтлэлээр хүргэх гэсэн санааг анхааралдаа авч, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой түгээмэл үүсдэг эрсдэл, хүндрэлээс сэргийлээрэй. Мөн  эдгээр шаардлагыг хангасан Хөдөлмөрийн гэрээг www.igeree.mn сайтаас өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан хоромхон зуур угсран авах боломжтой болохыг энэ дашрамд дурдах юун. 

Нийтлэл бичсэн хуульч М.Ариунзул 

[1] Жамбалдорж.О, “Монгол Улсын Иргэний эрх зүй (Ерөнхий үндэслэл) I дэвтэр”, 2004, 268 дахь тал   

[2] Зохиогчийн эрхийн тухай хуулийн 19 

[3]Зохиогчийн эрхийн тухай хуулийн 19.2