Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөр, тооцоог гадаад валютаар гүйцэтгэх тухай

2023-10-16

Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөр, тооцоог   гадаад валютаар гүйцэтгэх тухай

Монгол улсын нутаг дэвсгэр дээр  төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх боловч гэрээ байгуулж буй талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхээр харилцан тохиролцож болдог.  

Гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр  гүйцэтгэх бол талууд юуны өмнө тухайн харилцаанд Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаад валютаар гүйцэтгэхийг хуулиар хориглосон эсэхийг нягтлах шаардлагатай. Тухайлбал, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд зааснаар улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглосон байдаг. Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг ам.доллараар төлөхөөр тохиролцсоныг шүүхээс төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг илэрхийлж байна гэж үзээд алданги тооцохгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдол гарч байсан.  

Харин банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болохоор хуульчилсан бөгөөд тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээтэй холбоотой байгуулах гэрээ гэдэгт иргэд хоорондын зээлийг мөн хамруулан авч үзэх тохиолдол элбэг байдаг. 

Түүнчлэн мөнгөн төлбөрийг гадаадын валютаар гүйцэтгэхээр тохиролцсон үед талууд ханшийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэрхэх талаар гэрээндээ нарийвчлан тусгаагүй нь олонтаа маргаан дагуулдаг. Тухайлбал, зээлийн гэрээнд төлбөрийн үүргийг гадаадын валютаар гүйцэтгэхээр илэрхийлсэн боловч төлбөрийг хүлээн авахдаа төгрөгт хөрвүүлэн авсан нь төгрөгөөр төлөхөөр тохиролцсон гэж үзэх, цаашлаад урт хугацааны явцад зээлийг буцаан төлөх үүргийн хувьд валютын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой хэзээний ханшаар тооцож гүйцэтгэх, “үүрэг үүсэх үеийн ханш” гэдгийг янз янзаар тайлбарлах зэрэг маргаантай тохиолдол гардаг. Тодруулбал, Иргэний хуульд төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Үүний дагуу төлбөр төлөгч тал мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэхдээ төлбөр авагчаас өмнө зээлж авсан мөнгөний ханшийн одоогийн хэмжээнд дүйцүүлж гүйцэтгэх ёстой юм.  

Иймээс талууд гэрээндээ мөнгөн төлбөрийн үүргийг ямар гадаадын мөнгөн тэмдэгт буюу валютаар гүйцэтгэхээр тохиролцсон болохоо тодорхой тусгах, тухайн валютын ханш өөрчлөдсөн тохиолдлыг үл харгалзан тухайн валютаар төлөх, ингэхдээ гэрээ байгуулах үеийн эсхүл төлбөр төлөх үеийн ханшаар тооцох эсэхийг тусгайлан заах нь тохиромжтой байна. 

Нэмж хэлэхэд гадаад валют, гадаадын валют болон гадаадын мөнгөн тэмдэгт нь тус бүр ялгаатай ойлголт юм. "Гадаад валют" гэж гадаадын мөнгөн тэмдэгт, гадаадын валют4-ыг ойлгох бөгөөд "гадаадын валют" гэж улс хоорондын худалдаа, эдийн засаг, санхүүгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж байгаа гадаад орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж, түүгээр төлөгдөх үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл гэж хуульчилсан. Харин “гадаадын мөнгөн тэмдэгт" гэж Монгол Улсаас бусад улсын эрх бүхий байгууллагаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох гадаад орны мөнгөн тэмдэгтийг хэлнэ.  

Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдсан, худалдаж авсан гадаад валютын ханшид үндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож нийтэд зарлана.