Гэрээнээс үүдэлтэй маргааныг арбитраар шийдвэрлүүлэхийн ач холбогдол, анхаарах зарим асуудал

2023-10-12

Гэрээнээс үүдэлтэй маргааныг арбитраар шийдвэрлүүлэхийн ач холбогдол, анхаарах зарим асуудал

Гэрээнээс үүдэлтэй маргааныг арбитраар шийдвэрлүүлэхийн ач холбогдол, анхаарах зарим асуудал 

Бизнес, худалдаа, үйлчилгээний салбар хурдацтай хөгжихийн хирээр нийгэмд олон төрлийн харилцаа үүсэж улмаар бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хооронд бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх түүнчлэн арилжааны олон төрлийн гэрээ хэлцэл байгуулагдах хэрэгцээ шаардлага өссөөр байна. Үүнтэй холбогдуулан өдөр тутам олон тооны гэрээ хэлцэл байгуулахтай зэрэгцээд талуудын хооронд цөөнгүй үл ойлголцол, маргаан үүсдэг. Талуудын, тэр дундаа бизнес эрхлэгчдийн хооронд үүсэх аливаа маргааныг талууд шүүхээр шийдвэрлүүлэхээс гадна арбитраар шийдвэрлүүлэх боломжтой байдаг бөгөөд уншигчдадаа энэ удаагийн дугаараар гэрээнээс үүдэлтэй маргааныг арбитраар шийдвэрлүүлэхийн давуу болон зарим сул тал, анхаарах асуудлын талаар хүргэхээр бэлтгэлээ. Энэ нийтлэлээр хамгийн түгээмэл арилжааны арбитрын талаар онцлон хүргэх юм.  

Гэрээнээс үүдэлтэй маргаанаа арбитраар шийдвэрлүүлэх нь ямар давуу талтай вэ? 

  • Тухайн асуудлаар мэргэшсэн хүнээр маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой. Арбитрын хэлэлцээрт талууд арбитрчийн тоо, тэдгээрийг сонгох журмыг тохиролцох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, талууд арбитрын хэлэлцээрт заасны дагуу арбитрчаа сонгох, ямар мэргэжлийн, ямар туршлагатай хүнийг арбитрчаар сонгох тухай саналаа өгөх боломжтой байдаг. Тухайлбал, гадаад худалдаа, уул уурхай, технологи гэх мэт онцлог бүхий гэрээний хувьд талууд арбитрын хэлэлцээр, арбитрын дүрэмд заасны дагуу тухайн асуудлаар илүү мэргэшсэн хүнийг арбитрчаараа томилох боломжтой. Энэ нь арбитрч аль нэг талаас хараат байна гэсэн үг биш бөгөөд арбитрч нь аль ч талаас хараат бус байх үүрэгтэй байдаг.
  • Уян хатан байдал. Шүүхийн ажиллагаанаас ялгарах нь арбитрын ажиллагааны журмыг талууд харилцан тохиролцох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, арбитрын ажиллагааны талаар талууд арбитрын хэлэлцээрт нарийвчлан тусгаж эсвэл энэ талаар тохиролцож чадвал маргаан шийдвэрлэх ажиллагааг илүү уян хатан байдлаар зохион байгуулах боломжтой. 
  • Арбитрын ажиллагааг хурдан шуурхай, тасралтгүй зохион байгуулах боломжтой. Арбитраар маргаан шийдвэрлүүлэхийн бас нэг давуу тал нь Ковид-19 цар тахлын үед илүү тодорхой болсон билээ. Хөл хорио тогтоосон үед ч арбитрын ажиллагаа цахим байдлаар үргэлжлэн явагдах боломжтой. Гэрээ хэлцлүүдийг гадаадын түншүүдтэй хил дамнан хийдэг болсон өнөөгийн нийгэмд өөр өөр улсуудад байрлах этгээдүүдийн хооронд үүсэх маргааныг орон зай үл харгалзан арбитрын журмаар цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
    • Арбитрын шийдвэр заавал биелэгдэх шинжтэй. Арбитрын шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй эцсийн шийдвэр байх бөгөөд шийдвэрийг давж заалдах боломж хязгаарлагдмал байдаг. Энэ нь талуудын хувьд хугацаа хэмнэх давуу талыг бий болгодог гэж үздэг. 

Нөгөөтээгүүр гэрээнээс үүсэх маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэхийн сул тал нь зардал байдаг. Хэрэг маргааныг хувийн, хараат бус арбитраар хянан шийдвэрлүүлэхийн тулд арбитрын зардал, арбитрчийн хөлс, хуульчийн хөлс зэрэг зардлуудыг маргааны талууд хариуцдаг. Өндөр үнийн дүнтэй, эсхүл олон улсын шинжтэй маргааны хувьд энэхүү зардал нь илүү өндөр байх боломжтой бол жижиг үнийн дүнтэй маргааны хувьд дээрх зардлууд нь талуудад маргаанаа шийдвэрлүүлэхэд санхүүгийн хүндрэлийг бий болгох боломжтой.  

Тэгвэл гэрээнээс үүдэлтэй маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?  

  1. Хэргийн харьяаллыг тодорхойлох. Талууд хооронд үүссэн маргаан нь заавал шүүхээр шийдвэрлэх маргаан буюу онцгой харьяаллын маргаанд хамаарах эсэх, эсхүл арбитрын давуу болон сул талууд, тухайн харилцаа нь арбитраар шийдвэрлүүлэхэд тохиромжтой эсэх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр маргаан шийдвэрлэх харьяаллыг тодорхойлох шаардлагатай.
  2. Гэрээнд тусгах. Талууд анхлан гэрээ байгуулахдаа л маргаан шийдвэрлэх харьяаллыг гэрээндээ тусгаж өгдөг. Талууд ихэвчлэн гэрээнд заасан харьяаллын дагуу маргаанаа шийдвэрлүүлэх тул маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр шийдсэн бол гэрээндээ энэ талаар тусгах шаардлагатай. Мэдээж арбитрын хэлэлцээрийг талууд тусад нь байгуулах боломжтой ч арбитрын хэлэлцээрийг гэрээндээ тусгах нь талуудын хооронд харьяаллын талаар маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх давуу талтай.
  3. Арбитрын хэлэлцээрийн агуулга. Дээр дурдсанчлан арбитр нь талуудын тохиролцоонд үндэслэсэн, харьцангуй уян хатан тул арбитрын хэлэлцээрт талууд арбитраар маргаан шийдвэрлүүлэх журмын талаар тодорхой тусгахыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэдэг ганц өгүүлбэр байх нь хангалтгүй бөгөөд дараах мэдээллийг тусгавал зохино. Үүнд:
  4. Арбитр сонгох. Орчин үед бараг улс болгонд байнгын арбитрын төв үйл ажиллагаагаа явуулж байна. МУ-ын хувьд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр болон УБХХТ-ийн дэргэдэх Үндэсний ба Олон Улсын Арбитр зэрэг арбитрын төвүүдийг нэрлэж болно. Үүнээс гадна түр арбитрыг сонгохоор арбитрын хэлэлцээрт тусгах бүрэн боломжтой. Арбитрыг сонгохдоо мэдээж тухайн гэрээ хэлцлийн талууд, зохицуулах харилцаа, үүрэг гүйцэтгэх газар зэргээс шалтгаалан гадаадын эсхүл дотоодын арбитрыг сонгох нь зүйтэй. 
  5. Арбитрын бүрэлдэхүүнийг сонгох. Арбитрын хэлэлцээрт арбитрчийн тоог тусгах боломжтой бөгөөд практикт ихэвчлэн 1 эсхүл 3 арбитрчийг сонгох нь түгээмэл байдаг. Мөн үүнээс гадна талууд харилцан тохиролцож арбитрч, арбитрын бүрэлдэхүүнийг томилох журмыг арбитрын хэлэлцээрт тусгах боломжтой. Жишээ нь, аль тал нь хэд хоногийн дотор сонгох, бүрэлдэхүүнээр шийдэх үед даргалагчийг хэрхэн сонгох г.м.
  6. Арбитрын дүрэм сонгох. Арбитрын дүрэм нь арбитрын ажиллагаанд мөрдлөг болгох дүрмийг хэлэх бөгөөд аль нэг дүрмийг зааснаар талууд үндсэндээ арбитрын ажиллагааг тухайн дүрмийн дагуу зохион байгуулахыг зөвшөөрч буй хэрэг юм. Арбитрын төвүүд ихэвчлэн өөрийн гэсэн дүрэмтэй байдаг бөгөөд үүнээс гадна талууд харилцан тохиролцож UNCITRAL Arbitration Rule зэрэг ОУ-ын хэм хэмжээг сонгох тохиолдлууд бий. Талууд мөн тухайн арбитрын дүрмийн өмнөх эсхүл шинэчлэгдсэн хувилбарыг хэрэглэхээр тусгайлан зааж болдог.  
  7. Арбитрын хэл болон газар сонгох.  Энэ нь ОУ-ын маргаанд илүү ач холбогдолтой байх бөгөөд талууд арбитрын ажиллагааг хаана, ямар хэлээр явуулахыг арбитрын хэлэлцээрт тусгаж болдог. Энд арбитрын газар гэдгийг арбитрын ажиллагааны харьяалал /seat of arbitration/-аас ялгаж ойлгох нь зүйтэй. 

Хэрэв та гэрээнээс үүсэх маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон бол арбитрын хэлэлцээр агуулсан гэрээний загварыг www.igeree.mn сайтад хандаж авна уу.