ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ЗАРИМ ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТУУД II

2023-10-30

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ЗАРИМ ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТУУД II

Өмнөх нийтлэлээрээ бид Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад орсон онцлог бүхий заалтуудын талаар  уншигч та бүхэнд хүргэсэн билээ. Хөдөлмөрийн хууль нь иргэний хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан өргөн цар хүрээ бүхий цогц хууль болохын хувьд онцлог бүхий зохицуулалтуудыг нэг дор танилцуулах нь тохиромжгүй байлаа. Иймд нийтлэлийн үргэлжлэл болгож 2 дах хэсгийг бэлтгэсэн тул та бүхэн хүлээн авна уу. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар:  

  1. Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажил гүйцэтгэдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хуулиар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүсийг ажиллуулж буй хувь хүн нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээнэ. Ингэснээр тухайн ажилтан нь хуульд заасан эрхээ эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах бололцоотой болно. Мөн Зөрчлийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хувь хүнийг 150,000 төгрөгөөр торгох зохицуулалттай болохыг  анхаараарай. 
  2. Ажилтны ажлаас халагдсаны тэтгэмжийг ажилласан жилээс хамааруулан нэмэгдүүлж олгохоор шинэ зохицуулалт орсон. Тухайлбал, 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгодог байсан бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн хуульд дараах байдлаар тэтгэмж олгохоор хуульчилсан байна.  

Ажилласан жил 

Ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээ 

6 сар - 2 жил 

1 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх 

2-5 жил 

2 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх 

5-10 жил 

3 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх 

10+ жил 

4 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх  

 

  1. Шинээр төрсөн хүүхдээ асрах эцэгт цалинтай чөлөө олгодог болсон. Тодруулбал, ажилтан нь шинэ хүүхэдтэй болсон тохиолдолд Ажил олгогч нь 10-аас доошгүй хоногийн чөлөөг тухайн хугацааны цалингийн хамт олгох үүрэгтэй болсон байна.
  2. Уртын ээлжээр ажиллуулах шинэ зохицуулалтыг хуульчилсан. Уртын ээлж гэдэг нь ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил гүйцэтгүүлж буй уурхай, олборлох салбарын ажилчдын ажиллах хуваарийг ойлгоно. Шинэ зохицуулалтаар ажилтны нэг ээлжийн ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, мөн үүний адил амрах хугацаа нь 14 хоног байна. Хэрэв ажил олгогч нь ажиллах хугацааг багасгах бол амралтын хугацааг мөн адил багасгаж болохоор зохицуулагдсан байна.  
  3. Ажил олгогч нь 25 ба түүнээс дээш ажилтантай бол нийт орон тооны 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн буюу одой хүнийг ажиллуулах үүрэгтэй байдаг. Хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй бол тухайн орон тооны тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлдөг. Харин ажил олгогч хувь хүн, албан байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнийг асран тэтгэдэг хүний үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээг гэрээгээр байнга авдаг бол дээрх төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэл болно. Хөдөлмөрийн шинэчилсэн найруулгад энэхүү зохицуулалт орсноороо хөгжлийн бэрхшээлтэй иргэний бизнесийг дэмжих нэг хөшүүрэг болж байгаа юм. 

Хэрэв та бүхэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, холбогдох тушаал, гэрээнд өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй бол www.igeree.mn сайтаас мэдээлэл авна уу.