Гадаадаас ажиллах хүч авах шат дараалал

2019-12-12

Гадаадаас ажиллах хүч авах шат дараалал

 

АЛХАМ 1: УРЬДЧИЛСАН ЗӨВШӨӨРӨЛ АВАХ

Энэхүү урьдчилсан зөвшөөрлийг та Монгол улсын Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газарт хандан доорх материалуудыг бүрдүүлэн авна. Үүнд:

  • Маягт-1 –ийг бүрэн бөглөсөн тухайн ААНБ-ын  албан тоот
  •  Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (25 000 төгрөг/1 хүн, Төрийн сан,  ХХҮЕГазар 100900017002 данс);
  • ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар;
  • Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар;
  • Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдэн ажилтантайг баталгаажуулсан нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 болон НД-8 маягт;
  • Хөдөлмөр эрхлүүлэх эдийн засгийн салбарын Яам, агентлагийн тодорхойлолт;
  • Тухайн байгууллагын харьяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн санал;
  • Гадаадын хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлүүлэх талаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний монгол хэл дээрх орчуулгын хамт (орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй);
  • Гадаадын иргэний паспортын хуулбар;
  • Гадаадын иргэний хөдөлмөр эрхлүүлэх салбарт их, дээд сургууль төгссөнийг илтгэн харуулах мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар (орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй);
  • Шаардлагатай бол бусад материал;

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2-р давхарт 206 тоот өрөө

Утас: 70137003

 

АЛХАМ 2: HG АНГИЛЛЫН ВИЗ ХҮСЭХ

Гадаад улсын иргэн Монгол улсад хөдөлмөр эрхлэх виз буюу HG ангилалын визийг Монгол улсын Гадаадын Иргэн, Харьяатын газраар дамжуулан авна. Энэхүү визийг Гадаадын Иргэн, Харьяатын газраар дамжуулан тухайн гадаад иргэний харьяалалтай улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам эсхүл консулын газраас авна. 

Бүрдүүлэх материал:

  • Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газрын зөвшөөрөл
  • ААНБ-ын албан тоот
  • Гадаад иргэдийн гадаад паспорт

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа дэнж

Утас: 1800-1882 

 

АЛХАМ 3: ГАДААД УЛСЫН АЖИЛЛАХ ХҮЧИН МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ОРЖ ИРЭХ

Гадаад улсын иргэн Монгол улсын хилээр нэвтрэх үед түүний гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас багагүй хугацаанд хүчинтэй байна. Ийнхүү Монгол улсын хилээр нэвтэрсэн тохиолдолд тухайн гадаад улсын иргэн Гадаадын Иргэн, Харьяатын газарт 7 хоногийн бүртгүүлэх ёстойг анхаарна уу. 

 

АЛХАМ 4: ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ

Гадаад улсын иргэн нь Монгол улсын хилээр нэвтэрч орсноос хойш 10 хоногийн дотор Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахаар доорх материалуудыг бүрдүүлэн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газарт хандана. Үүнд:

  • ААНБ-ын гадаадаас “HG” ангиллын визээр урьж ирүүлсэн ажиллах хүч, мэргэжилтнээ  Монгол Улсын хилээр орж ирснээс хойш ажлын 10 хоногт багтааж "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэх” Маягт-2-ыг дэлгэрэнгүй бөглөсөн албан бичиг;
  • Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22 500 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс);
  • Ажлын байрны төлбөр тушаасан баримт (640 000 төгрөг/1хүн/1сар,  /Төрийн сан, ХЭДС 100900037010 данс);  Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана. (2020 оны 1 дүгээр сарын 1-ээс Ажлын байрны төлбөр 840000 төгрөг/1хүн/1сар, болж өөрчлөгдөнө)
  • "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх”-ний үнэ тушаасан баримт (3 000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар  100900017002 данс); ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (Тавигдах шаардлага: хэмжээ 3x4 см; цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх) 
  • ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар;
  • Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар;
  • Гадаадын иргэний паспортын хуулбар болон “HG” ангиллын виз дээр хилээр орж ирсэн штамп дарагдсан хуудасны хамт
  • Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг (Тавигдах шаардлага: хөдөлмөр эрхлүүлэх газрын харьяалах эрүүл мэндийн төвд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнүүдийг авч очин ЭМҮШ-нд хамруулж, эмч, ерөнхий эмчийн гарын үсэг тайлал, огноо, дүгнэлтийг гаргацтай бичүүлж, тэмдэг дарж баталгаажуулсан байна)

 

АЛХАМ 5: ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ

Энэхүү зөвшөөрлийг доорх материалуудыг бүрдүүлэн Гадаадын Иргэн, Харьяатын газраас авна. Үүнд:

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэхээр урихыг зөвшөөрсөн албан бичиг
  • Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл/
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  • Гадаад  иргэний паспортын хуулбар хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй
  • Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  • Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

 

Эх сурвалж: