Best of Adarsuren

Хэрвээ та хуучин цагийн, хуучинсаад байх ч юу байхав 1990 оноос өмнөх сонин хэвлэлийг сөхөн үзвэл алдар цуутан, авъяас билигтэн, зүтгэлтэн хэн боловч хэлэх үг, сэтгэгдэл бодлоо нэгэн ижил илэрхийлсэн байхыг үзэж болно. Тэд “Нам засгийн ач буянаар өдий зэрэгт хүрлээ”, “Нам засаг хамт олныхоо тусламж дэмжлэгээр ийм амжилт гаргалаа” гэж заавал дурьдсан байгаа.

Социализмын үе бол хувь хүнийг бүрэн үгүйсгэсэн тогтоц. Хувь хүн өөрөө чадвартай, авъяастай, хөрөнгөтэй байж болохгүй. Өөрийн билиг оюун, хувийн ур чадвараар товойн гарсан байж таарахгүй. Зөвхөн намын удирдлага, хамт олны хүчээр л алдарших нигууртай. Хэрвээ намын засгийн хүсснээс өөрөөр олон түмний хайр хүндэтгэлийг хүлээвэл, алдар суугаа дуудуулбал буруутна. Түүнийг янз бүрийн аргаар дарж авна.

Социалист төр угаасаа ард түмний дунд намын зөвшөөрөлгүй өөрөө алдаршихыг тэвчиж чаддаггүй, бүхий л талаараа дарамталж байсан. Өөрөө алдаршсан эрдэмтэн Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, яруу найрагч Р.Чойном, дуучин П.Адарсүрэнгээс эхлээд Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны удирдамжгүйгээр залуу үеийнхний хүндэтгэл, бишрэлийг татсан “Баян монгол”, “Соёл эрдэнэ” зэрэг эстрадын хамтлагийн дуучид хүртэл энэ дарамтыг их багаар амсаж байсан юм.
Гэтэл авъяас билиг бол хувь хүний шинж чанар бөгөөд хязгааргүй эрх чөлөөг эрмэлзэж, замдаа тааралдсан уяа хүлээ бүгдийг тасчин хаяхаар тэлүүлдэг жамтай. Тийм авъяас билигтний нэгэн оргил ХХ зууны монголын нийтийн дууны урлагийн дүр төрх болсон алдарт дуучин П.Адарсүрэн билээ. Тэрээр нам засгийн удирдамжаас гадуур амилан өндийсөн авъяас билигтэн байлаа. Ард түмэн түүнийг нам засгийн ямар ч удирдамж чиглэлээс гадуур шүтэн дагаж, дууриан бахдаж байсан нь үзэл суртлын аппаратын зэвүүг хүргэсэн.

Ингээд үзэл суртлын аппарат түүнийг алга болгох хөтөлбөрөө хэрэгжүүллээ. Тэр үеийн нийгэм нь хүний авъяас билгийг төрөөс олгодог зэрэг цолоор үнэлдэг байсан. Адарсүрэнд зэвүүцсэн төр эхний ээлжинд энэхүү үнэлгээний системийнхээ гадна түүнийг гаргаж хаясан. Ард түмэнд гэхээсээ илүү нам засагт зөвшөөрөгдсөн алдар гавъяатнуудын дунд насан туршдаа “жирийн нэг дуучин” гэсэн албан ёсны зэрэг дэвтэй үлдэх учиртай болсон. Мэдээж нам засгийн “ач буянаар”, эсвэл “хамт олны хүч” гэдгээр алдаршиж яваа бусад уран бүтээлчдийн хувьд тэрээр атаа жөтөөний бай байсан нь эргэлзээгүй.

Нөгөө талаас ангигүй, хөрөнгөгүй, эрч чөлөөгүй нийгмийн тэр тогтоцод хүн хүндээ талархал, хүндэтгэлээ илэрхийлэх магадгүй ганц боломж нь сархадаар дайлах явдал байж. Хүнд өгөхөд буруутдаггүй ганц бэлэг бол архи. Хөөрч догдолсон шүтэн бишрэгч нь ирээд түүнд мөнгө өгч болохгүй, бас авч болохгүй. Хөрөнгөтөн төрлөө гээд шоронд хийнэ.
Ингээд авъяас билигтэй хүний бардамнал, аархал, үзэл суртлын системдээ гадуурхагдсан хувь хүний бухимдал, олон түмний хайр хүндэтгэлээ илэрхийлэх хүсэл, цор ганц боломж сэлт нийлээд түүний амьдралыг бэрхшээлтэй болгосон байдаг. Магадгүй үзэл суртлын аппаратын зүгээс өөрт тааламжгүй авъяастныг зайлуулахаар төлөвлөсөн арга нь энэ байж ч болох юм.

Гэхдээ тухайн дэглэмийн мөрөөдөл талаар болсон юм. Адарсүрэн хувь хүн байхаа нэгэнт больж “Адарсүрэнгийн дуу” хэмээх яруу сайхны ертөнц болоод хүн ардынхаа сэтгэл зүрхэнд нэгэнт шингэжээ. Түүнийг арилгах, арчих арга байхгүй. Бурхан түүнд авъяас билиг хайрласан шигээ дуу болон мөнхрөх хутгийг бас өгсөн байна.
Сэтгүүлч Б.Цэнддоо

Худалдаанд гарсан: 2015-01-26
Урсгал: Ethnic

Татах: 25,000

Clear