ДИЖИТАЛ/ЦАХИМ КОНТЕНТ БА  ТҮҮНИЙ ОНЦГОЙ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ОЙЛГОЛТ 

2023-12-08

ДИЖИТАЛ/ЦАХИМ КОНТЕНТ БА   ТҮҮНИЙ ОНЦГОЙ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ОЙЛГОЛТ 

Энэхүү нийтлэлээр уншигч танд дижитал эрэн үед цахимаар туурвиж буй контент, түүний онцгой эрхийг шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл хүргэхийг зорилоо. 

Дижитал контент гэж юу вэ?  

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр батлан дагаж мөрдөж буй Зохиогчийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль (цаашид “ЗЭтХ” гэх)-ийн 5.1-д “Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно” гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлд цахим хэлбэрээр нийтэд түгээж а/ дижитал/цахим хэлбэрт байх, б/ Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтлэгдсэн эсэхээс үл шалтгаалан бичмэл, аман, зурмал болон бусад биет хэлбэрээр бүтээсэн байх, в/ бодит байх түгээмэл шинжтэй дижитал контент багтана гэж ойлгож болно. Тухайлбал, дижитал уран зураг г.м. 

Европын холбооны удирдамжид зааснаар “дижитал контент” гэж дараах байдлаар тодорхойлсон байдаг.  

  • Видео, аудио, аппликэйшн, дижитал тоглоом болон аливаа төрлийн программ хангамж зэрэг дижитал хэлбэрээр бий болсон, туурвиж, түгээсэн өгөгдөл /data/;  
  • Хэрэглэгчийн зөвшөөрлөөр бий болсон өгөгдөл /data/ дижитал хэлбэрээр үүсгэх, боловсруулах, хадгалах үйлчилгээ; 
  • Үйлчилгээний бусад хэрэглэгчдийн өгсөн дижитал өгөгдөл /data/ хуваалцах болон бусадтай харилцан хуваалцах боломжийг олгодог үйлчилгээ. 

Харин Монгол Улсын хууль тогтоомжид “контент”-ийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:  

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 

Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага 

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага 

“Контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг; 

 

“Контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа тэмдэгт, дохио, текст, зураг дуу, авиа, дүрс бичлэг болон бүх төрлийн мэдээ, мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээгдэхүүн бөгөөд дараах зүйлс хамаарахгүй. Үүнд: цахим шуудан, балк болон спам захидал, хувь хүмүүсийн хоорондын харилцаа, телефон яриа, факс, айпи телефон яриа г.м  

 

“Контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасан бүтээлийг хэлнэ.  

 

 

Нийлүүлж тодорхойлбол, интернэт нь харилцаа холбооны сүлжээнд багтдаг тул интернэт, айпи тв, гар утас зэрэг харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй үг, дуу, авиа, тэмдэг, дохио, текст, зураг, график хөдөлгөөнт дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон, тоон хэлбэрт хувиргасан бүтээгдэхүүн, бүтээлийг “Дижитал контент” гэж ойлгохоор байна. 

Зохиогч өөрийн онцгой эрхээ бусдад шилжүүлэхэд авах арга хэмжээ, бүрдүүлэх баримт бичиг 

Зохиогчийн онцгой эрх гэж хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд тоглох, нийтэд дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх эрх буюу бүтээл ашиглах онцгой эрх гэнэ. Дижитал контентийн зохиогч нь бүтээл ашиглах онцгой эрхээ бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлэх ба сайн дурын үндсэн дээр Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ. Тус бүтээл ашиглах онцгой эрхийн гэрээнд дараах нөхцөлийг тусгана. Үүнд: 

  • бүтээлийн нэр, тодорхойлолт; 
  • бүтээл ашиглах онцгой эрхийг хэсэгчлэн шилжүүлж байгаа бол шилжүүлж байгаа эрх; 
  • төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл; 
  • зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, үүрэг; 
  • эрх шилжүүлэн авагчийн эрх, үүрэг; 
  • гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээлгэх хариуцлага; 
  • маргаан шийдвэрлэх журам. 

Бүтээл ашиглах онцгой эрх шилжүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд 

  1. Нотариатаар баталгаажуулсан зохиогчийн онцгой эрх шилжүүлэх гэрээ / гадаад хэлээр үйлдэгдсэн бол түүний орчуулга/; 
  2. Маягт Г-3 тоот маягт буюу “Зохиогчийн эрхийн бүтээл болон түүнд хамаарах эрхийн обьектын гэрээ бүртгүүлэх тухай хүсэлт”; 
  3. Лиценз өгөгч болон лиценз авагчийн хооронд хийсэн итгэмжлэл; 
  4. Хамтран эзэмшигчийн зөвшөөрөл / Нэгээс дээш эзэмшигчтэй бүтээлийн хувьд гэрээний тал болоогүй хамтран эзэмшигч бүр гэрээг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдлийг хавсаргана/ 
  5. Тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт. 

Бизнесийн үйл ажиллагаандаа тогтмол байгуулах гэрээ, журам, бусад баримт бичгийг www.igeree.mn сайтаас өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан хоромхон зуур угсран авах боломжтой болохыг энэ дашрамд дурдах юун.