ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БА ТӨСТЭЙ ТӨРЛИЙН ГЭРЭЭНҮҮДИЙН ЯЛГАА

2023-10-25

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БА ТӨСТЭЙ ТӨРЛИЙН ГЭРЭЭНҮҮДИЙН ЯЛГАА

Асар хурдацтай хөгжиж буй харилцаа холбоо, техник технологийн дэвшил хийгээд сүүлийн жилд тархаад буй цар тахлын нөлөө нь уламжлалт хөдөлмөрийн харилцааны хэв маягийг илүү уян хатан, цаг хугацаа орон зайны хамаарал, хязгаарлалт багатай хэв маягт шилжих боломжийг олгож байна. Шинээр бий болж буй ажлын байрны онцлог, ажилтан ажил олгогчийн хооронд үүсч буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тохирсон гэрээг байгуулах нь талуудын эрхийг тэнцвэртэй хамгаалах, тэдний хоорондын харилцааг хуулийн дагуу, үр өгөөжтэй зохицуулах, үүдэн гарах аливаа зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Иймд энэхүү нийтлэлээр хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй төстэй гэрээнүүдийн зорилго, зохицуулалт, онцлогийг нарийвчлан хүргэхийг зорилоо. 

Байнгын ажлын байр ба хөдөлмөрийн гэрээ  

2023 оны 2 дугаар улирлын тайлангаар Монгол улсад 1.2 сая ажиллагчид байгаа бөгөөд энэ нь нийт ажиллах хүчний 94.2% нь байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дараах 6 тохиолдлоос бусад хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулдаг. Үүнд:

  • дагалднаар ажиллуулах
  • туршилтын хугацаагаар ажиллуулах
  • улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх
  • ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах
  • түр ажлын байранд ажиллуулах
  • санхүүжилт хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдмал ажил үүрэг гүйцэтгүүлэх орно.

Өөрөөр хэлбэл дээрхээс бусад тохиолдолд бол ажиллаж буй ажилтны хувьд бусад төрлийн гэрээ биш, хугацаагүй (тодорхой шаардлага, талуудын тохиролцсоноор хугацаатай) хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой болдог. Мөн улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна.  

Практикт цагийн ажилтнуудтай ажлын байран дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулах тохиолдол цөөнгүй байдаг боловч ихэнх тохиолдолд талуудын харилцаа нь хөдөлмөрийн гэрээний шинжийг агуулж байдаг. Эдгээр тохиолдлуудад цагийн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулах нь илүү хуулийн зорилгод нийцнэ. Хөдөлмөрийн гэрээний бусад иргэний эрх зүйн гэрээнээс ялгарах гол шинж нь хэдийгээр талуудын эрх тэгш хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн гэрээ мөн боловч захирах, захирагдах харилцаа давамгайлж байдаг, ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргийг гүйцэтгэж байдагт оршино. 

Хөлсөөр ажиллах гэрээ 

Харин дээрхээс ялгаатай, ажил олгогчоос баталсан дүрэм, журам хяналт гэхээс илүүтэй гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэдэг гэрээний төрөл бол Хөлсөөр ажиллах гэрээ юм. Иргэний хуульд Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж ерөнхий тодорхойлсон байдаг ч гэрээний мөн чанар нь ажилтан заавал ажлын байран дээр, удирдлагын хяналт доор ажиллах үүрэггүй, хөдөлмөрийн хуулийн зохицуулалт биш иргэний хуулийн ерөнхий зохиуулалт үйлчилнэ гэдэг утгаараа хуулийн шаардлага бага, бие даасан, харьцангуй чөлөөтэй гэрээний төрөл юм. Хөлсөөр ажиллах гэрээг өдөр тутамд байнгын хэрэгтэй биш, тодорхой хэрэгцээт ур чадваруудыг шаардсан тохиолдлууд болох соёл урлаг, програм хангамж гэх мэт салбарт байгуулахад тохиромжтой.  

Ажил гүйцэтгэх гэрээ 

Дээрх хоёр гэрээний төрлөөс нилээн ялгаатай боловч нэг талын зүгээс тодорхой ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой үүрэг хүлээдэг гэрээний төрөл нь Ажил гүйцэтгэх гэрээ юм. Иргэний хуульд уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж тодорхойлсон байдаг. Уг гэрээний зүйл нь тодорхой хугацаанд байнгын давтамжтай ажиллах үйл явц биш харин ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны дүнд тодорхой үр дүнг бий болгож, түүнийг нийлүүлэх явдал гол чухал байна. Иймээс энэ төрлийн гэрээг байгуулахад дан ганц ажил үйлчилгээ үзүүлэх амлалт гэхээс илүү тухайн ажил үйлчилгээний үр дүнг хүлээлгэн өгч, түүнийг цааш ашиглах зорилготой байна уу гэдгийг анхаарах шаардлагатай юм. 

Хөдөлмөрийн харилцааны цогц, ухаалаг платформ igeree.mn-аас та дээрх нийтлэлд дурьдагдсан Хөдөлмөрийн гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал зэргийг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн хоромхон зуур угсран авах боломжтой.