Хайрла эсвэл үзэн яд

White Shadow хамтлагийн анхны бие даасан цомгийн тойм

White Shadow буюу “Цагаан Сүүдэр” хамтлагийн өөрсдийн нэрээр нэрлэсэн анхны цомгийг та нэг бол хайрлана, үгүй бол үзэн ядна.

Учир нь тэдний хөгжмийн стиль болон дууны сэдэв мэдээж хүн бүрт зориулагдаагүй бөгөөд энэхүү цомгийг ганц жанраар тодорхойлох боломжгүй олон урсгалын холимог гэж хэлж болно. Товчхондоо depressive rock буюу depressive black metal, grunge rock урсгалуудын нийлмэл юм. Гэвч энэ бол ганцхан миний л дүгнэлт, мөн аль нэг урсгалд хамааруулах гэж хичээсэнгүй. “Цагаан Сүүдэр” цомгийн дугаралт маш сонирхолтой, бие даасан хамтлагийн хувьд чамлахааргүй уран бүтээл болсон гэж хувьдаа дүгнэлээ.

Тус цомгийг сонсож дуусгахад саад болсон зүйл дуучны вокал байлаа. Би хувьдаа DSBM болон Black Metal урсгалын архирах, чихүүдэс төрүүлэм орилох вокалуудыг “таашааж” бас “тэвчиж” сонсож ирсэн боловч “Цагаан Сүүдэр” цомгийн хувьд төдийлөн таашааж хүлээж авч чадсангүй. Яагаад гэж үү? Маш энгийн, дээрхийн аль нь ч биш учраас /хэхэ/, 2-3 дуу сонсоод л “time-out” авмаар санагдуулам “cheesy”. Дахин хэлэхэд энэ бол ганцхан миний хувийн “preference” юмшүү.

Надад хамгийн их таалагдсан дуу бол “Мах”. Шүлгийн хувьд хөгжилтэй хэрнээ, анхаарч сонсвол маш баргар мэдрэмжтэй үлдээнэ, хөгжим ч мөн адил аялгуулаг боловч хар бараан сэтгэгдэл төрүүлэм, “Тойрог”  миний хувьд энэ цомгийн хамгийн их сэтгэл хөдлөл агуулсан дуу мэт санагдав.
Бусад дуунуудаасаа илүүтэйгээр хүн бүрт тохиолддог гутрал тэр тусмаа “гацсан” мэдрэмжийн тухай өгүүлнэ.Цомгийн сүүлийн дуу “Цагаан Сүүдэр” нь илүү атмосферик, гэгээтэй хэрнээ өвөрмөц бусдаасаа “аятайхан” сонсогдохуйц болжээ.

Ерөнхийдөө “Цагаан Сүүдэр” цомог монголын рок болон метал урсгалын уран бүтээлүүд дундаас содон нэгэн нь болж чаджээ. Бүх дуунаас нь хөдөлмөр, зүтгэл мэдрэгдсэнийг энд дурдах нь зүйтэй болов уу. 9хөн дуугаар “хөгжмийн аялал” хийж, уйтгар гуниг, баяр хөөр, шаналалыг мэдрүүлнэ. Монголд метал хөгжмийн хамтлагуудад тулгардаг хүнд асуудлуудын нэг бол сонсогчид хомс төдийлөн олны хүртээл болж чаддагүйгээс уран бүтээлээ орхих хандлага их байдаг.

Ийм нөхцөлд уран бүтээлээ тууштай хийж, хөгжиж буй хамтлагуудаа дэмжин пират буюу үнэгүй татахаас татгалзаж худалдан авалт хийгээсэй мөн энэ талын урсгалыг шимтэн сонсдог залууст заавал сонсоорой гэж хувиасаа уриалмаар байна.

18/2/2015