Шүд амаа арзайлгаж, дэлэн хөхөө сэрийлгэсэн зэвүүн амьтан зүүдэлж, хар дарсан шөнийг өнгөрөөн, маргаашийн нарыг угтах үед “Эхлэл” хэмээх энэхүү цомгийг сонсоход нэн таатай.

Хөг, аялгуу жигдхэн бас хөнгөхөн арван дуунаас бүрдэх уг цомог одоогоос нилээн хэдэн жилийн өмнө бэлэн болсон гэдгийг сонсоод өдий хүртэл дарж чадсан тэдний тэвчээрийг гайхан бахдав. Би лав ийм цомог гаргасан бол аль хэдийн тэсэхгүй зарлах байсан биз.

Ийнхүү хүлээсний учир нь цомог хэвлүүлэх мөнгө олддоггүй, уран бүтээлчдэд тохиолддог нийтлэг саад учирсан ч байж болох юм. Гэхдээ “Үл мэдэгдэх нисдэг биет”-ийнхэн сул талаа давуу тал болгох боломжыг мэдэрсэн бололтой. Ямартай ч тэд Монголын биет бус цомгийн эхлэлийг тавьж чадлаа. Хааяа ингэж дарвал “чулуу” болдог ажээ.

Цомогт элдэв “эксперименталь” оруулсан дуунуудыг багтаагаагүй нь сонсоход таатай агаад дараагийн дууны эхлэл хэрхэн явахыг тааж, өөрийгөө сорьж болмоор.

“UFO” дуугаар цомог эхлэх бөгөөд эндээс эрч хүч, эелдэг хэрнээ даруу тоглолтууд сонсогдох болно. Гитарын гоцлолын дараа дахиад нэг бадаг дуулаасай гэсэн хүсэл танд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эсвэл би шунахай сонсогч байж болох юм…

Энэхүү цомгийн сэтгэгдлийг бичих зуур хурмаст тэнгэр хоёронтоо хураа хайрлалаа. Бүрхэг тэнгэрээс, бороо, цас намуухан хаялсан өглөө “Хайсаар, хүлээсээр” дууг сонсоход таны дотор нар гарах шиг болно.

Цомог биет бус онцлогтой болохоор ковергүй бас дууны шүлгийг хэвлэмэл байдлаар гаргаагүй нь тодорхой. Тийм болохоор “Only one” дууны үгийг UFO-уудаас өөрсдөөс нь асуухаас өөр аргагүй. Гэсэн ч энэ дууны хөгжимд голлон анхааран, гадагшаа гаргавал амжилт олох магадлал өндөр санагдлаа.

Тээр жил “…хорвоод тээж төрүүлсэн ээж таньдаа хүү нь хайртай…” гэсэн үгтэй дуу сонсоод “тогоо нэрж” байхад ээж минь “ухаан сууж байгаа нь энэ” гэж хэлж байсан үгс “…урд шөнө зүүдэнд ээж минь намайг үнсэж..” гэсэн шүлгийн мөрнөөс санагдлаа. “Ухаарал” хэмээх хөөрхөн дуунд энэ мөр байгаа…

“Бороонд” дуунаас энэхүү цомгийн бүх шинж чанарууд илрэх болно.

Хамтлагийн уран бүтээлчид өөрсдийнхөө өмнөх зорилгыг хангалттай биелүүлсэн болохыг гоцлол дуучин Л.Содбаяр, соль гитарчин Л.Баасанжаргал нарын оролцооноос сонсож болно.

Хар дарсан зүүдний дараа тайвшруулах шидтэй, тэнгэр муухай өдөр сэтгэл сэргээх идтэй цомгоо сонсоцгоо, бас өөрийнхөөрөө дүгнэцгээ.

 

Гамбино