Хэдэн жил та нар удсан, бид хүлээсэн гэж гомдоллоод ч яахав, ингээд гараад ирчихлээ. Гэхдээ удсан нь оножээ. Тэр болтол Лемонсчууд “эр бие” жигдэрсэн болох нь зохиосон хөгжим, дууны шүлгийн чанараас мэдэгдэж байна.
Энэ цомогт орсон “Парайдайс”, дуугаа “Лемонс” Playtime дээр дуулж, “Хүсэл”-ийнхээ клипийг нь “youtube.com” дээр байршуулсан. Манайхан ч үзсэн биз, би ч энэ дуунуудын тухай давтан нуршаад дэмий.
Цомог нь дээрх хоёр дуутай нийлээд нийт арван дуутай. Тэднээс энэ нь жаахан тиймхэн болж гэж өөлөх зүйл өөнтөгч чихээр сонсох гээд олсонгүй. Бодвол удаан хүлээснээс болсон биз… удаан хүлээлгэсэн цомог болгон бүгд сайн болох нь бас үгүй.
За ингээд өөр төрсөн сэтгэгдлээ хуваалцъя. “Earth II” дууны бөмбөрийн нүчигнээн “Deep Purple”-ийн Яан Пейсийг санагдуулсангүй. Өнөрбаярын тоглолт ямар ч байсан намайг морьтон Монгол эр болохыг минь санууллаа. Хэдийгээр эх дэлхийн тухай өгүүлж байгаа боловч, элгэн дээр нь төрсөн Монгол орноо энэ дуунд магтсан байх юм.
Бөмбөрийн тоглолтоор эхлэх “Дөлгөөн” дуу тун удалгүй Тулгаагийн солийн түрэмгийлэлд эзлэгдэх мэт боловч Мөөгий мөчөөгөө өгөхгүй завсар хооронд нь дуугаа дахилт, бриж дээр үргэлжлүүлнэ. Энэ дууг дуугаралт сайтай чихэвчээр сонсохыг зөвлөе.
“Хүсэл”-ийг алгасахад тэнгэрийн эсвэл диваажингийн гэмээр хөг, ая “Monad” дуунаас сонсогдоно. Шүлэг нь ч бас тэнд очсон хүний үг мэт. Энэ дууныхаа 14 минут үргэлжилдэг ремиксийг уг нь цомгийн төгсгөлд оруулсан бол “шуналтай” сонсогчдод таалагдах байлаа.
Бараг анзаарагдахгүй шахам байсан Анарын басс “Хар хэрээний дууль”-иас сонсогдож эхлэнэ. “Алсын газрын зэрэглээнд… ” гэнгүүт юун уртын дуу вэ гэж тэрхэн зуур санагдана. Гэвч үндсэндээ “амар сайхандаа жаргаж” төгсдөг ардын аман зохиолын туульсыг хард рок болгожээ. Ямар нэгэн ардын дууг шууд рок жанрт тэд оруулсангүй. Үлгэр, туульс гэмээр шүлэг өөрсдөө зохион дуу болгосон тэдний гар нийлсэн бүтээл гэхээс аргагүй. Ямар ч гэсэн энэ их өвөрмөц дуу болсныг онцгойлов.
“Парадайс”-ын тухай нэгэнт дээр өгүүлсэн болсон болохоор дахин дурьдаад яахав. Гэхдээ “youtube.com” дээрх клипний дуугаралтыг биет болон дижитал хувилбарын дуугаралттай харьцуулах аргагүй. Би л хувьдаа I pod-ндоо “youtube.com”-оос хувиргаж, хуулсан “Парайдайс”, “Хүсэл” дуунуудаа delete хийсэн.
“Сүүлийн уянга”–ыг сонсоод “Red” цомогт орсон “Хайртай” хэмээх хит дууны үргэлжлэл болжээ гэж санагдав. Сэтгэлээ өгсөн охиндоо хууртаж, ойлгохгүй явсан “Лемонс”-чууд ямар ч гэсэн мөрөөдлөөсөө чөлөөлөгдөж, өчигдрөө орхисон нь хэдхэн зүйлээс анзаарагдлаа. Тулгаа өмнө нь үзүүлсэн шаналалыг хөөр баяр болгон хөнгөхөн тогложээ.
Атийгаад, өрвийгөөд, сэгсийгээд спийд металаар сэрдэг байснаа болиод өөрөөр өглөөг хардаг болсон нь “Лемонс”-чуудыг эрийн цээнд хүрсэнийг баталлаа. Бие махбодидоо үүссэн шаналгааг хөгжмөөр илэрхийлж, шүлгээрээ нийгмийн өмнө хүлээдэг хариуцлагаа эргэн санаж байгаагаар энэ илэрч байна. “Өөр өглөө” дууг драмын жүжиг, эсвэл дүрсгүй кино ч гэхэд хэтрүүлсэн болохгүй ээ.
Энэ мэтээр үргэлжлүүлээд байвал эрхэм сонсогч таныг залхааж магадгүй учир “Улаан хот” дууг таньд үлдээгээд “Гурван улирал” дуунаас төрсөн сэтгэгдлээ цухас дурьдая. “Monad” дууны төгсгөлд туршилт маягаар хийсэн эффектээр энэ дууг нийтэд нь чимэглэжээ. Одноогийн хоолойг эффект өөрчилсөнгүй. Өдөр тутмын ажилдаа дарагдаж робот болсон хүмүүсийг, эрвээхэйн бяцхан жигүүрээр даллаж байгаль дэлхийгээ эргэж нэг харахыг захьсан байна.
Яруу найрагч Нарангэрэл цөөн үгээр бүрэн илэрхийлэгдэх утга бүхий шүлгүүдийг сайшаах нь зүйтэй.
Цомгийн хавтас нэг харахад “Dark Side of the Moon” ахиулаад харвал “Led Zeppelin III” мэт болсоныг меломанууд хүлээн зөвшөөрөх байх.
Микс, мастеринг болон саунд инженерингийн баг гараа гаргаж ажилласныг хулхи биш ориг чихэвчээр сонсож байж мэдрэнэ.
Аян зам, бүжгийн талбай, прайват парти гээд хаана ч сонсох боломжтой “The Lemons III”цомгийг бүтээхэд гар бие оролцсон бүх хүмүүс, тэр тусмаа ивээн тэтгэгчидэд сонсогчдын зүгээс талархал илэрхийлэх нь зүйтэй. Та нар хөлс хүчээ гаргаж олсон мөнгөө зөв зүйлд зарцуулжээ.
Миний бие 2014 оны рок урсгалын шилдэг цомгоор “Анича”, “At Amarbayasgalant” цомгуудийг гэж үздэг бөгөөд 2015 оны шилдэг цомогт “The Lemons III” зүй ёсоор багтана гэж бодож байна.
Үнэлгээ 9,8
Гамбино