Дуу өөрөө  хоосон чанартай болохоор
Дурсамж болон чамд үлдэнэ…

“Цонхон дээр суусан ялаа” цомог 2014 оны зургадугаар сарын 15 өдөр  нээлтээ хийсэн. Уг цомогт багтсан дуунуудын шүлгийг Д.Төрмөнх бичиж арай ахмад рокерийн хувиар зөвлөж, хөгжмийг Ц.Тэмүүлэн зохиож өөрөө дуулснаас гадна, тэд англи хэл рүү хөрвүүлэн Нью Йоркын яруу найрагч М.Картераар ариутган шүүлгэж, Лос Анжелесын “Риволвер Рекордс” студид мастеринг хийлгэсэн нь Монгол хүний оюуны бүтээл дэлхийн хэмжээнд гарч үнэлэгдэх үүдийг нээсэн алхам болжээ.  Д.Төрмөнхийн шүлгээр хийсэн дуу бүр хит болдог гэдгийг бас нэмж хэлэхэд илүүдэхгүй.

“Цонхон дээр суусан ялаа” цомгийн нэг онцлог нь олон хүн хамарч хамтарч эвтэйгээр бүтээл хийж болдгийн нэг жишээ бөгөөд, продюсер Т.Номунзулын хүч хөдөлмөр юм. С.Хосбаяр “Нисваанис, С.Анхжаргал “Fixx”, Г.Ариунболд, Э.Тулга “UFO” нараас бүтсэн үндсэн бүрэлдэхүүнээс гадна улсын Филармонийн сонгодог хөгжмийн дөрвөл, морин хуур, ятга, акустик гитар, аман хуур, саксафон  оролцуулсан хамтын бүтээл болсныг бас онцлох хэрэгтэй.

“Цонхон дээр суусан ялаа”-г анх сонсоход  “Пинк-Флойд”-ын концепт цомгууд дээр суурилсан нь илт сонсогдох бөгөөд уран бүтээлчид нь өөрсдөө үүнийг нуугаагүйгээ дууны эхлэлээс л “Pink Floyd”-ийн “Wish You Were Here”-ын хэсгээс ашиглаж, шүлгээрээ шууд хэлжээ. Концепт буюу сэдэвт цомгийн хамгийн алдартай хэв маяг бол яах ч аргагүй “Pink Floyd” билээ.

Цомгийн эхний хоёр дуу болох “Цонхон дээр суусан ялаа,” “Санаанд оромгүй хариулт”-уудад залуу хүний гэгээлэг гэнэн цайлган аясаар эхлэх ч цомогт өгүүлж буй “баатар” ялаа алчихаад юу ч бодохгүй байсаар сүүлдээ үйлийн үрээр өөрөө үхэж байгаа үйл явдалтай бөгөөд бүхэлдээ драматургийг нь дагаж хөгжим хард рок этник болон өөрчлөгдөнө. Сайтар тунгаан бодвол есөн дуу хоорондоо өөр өөр стиль агуулсан нь амьдрал өөрөө нэг өнгө аястай байдаггүйг илтгэх мэт. “Хоосон дуу” нэртэй хоосонгүй дууг онцгойлон үзэх нь зүйтэй. Ятгын яруу аяз долгилон байснаа аажмаар чавхдаст хөгжмийн дөрвөлөөр хүч нэмэгдэн чангарч, зохиогчийн шүлэглэсэн дөрвөн мөрт, морин хуурын татлагатай эгшиг нийлэн оргил өөд аажим дээшилсээр…Уртын дууны шууранхайгаар жигүүр хийн  тэсрэн агаарт дүүлэн нисэх аялгуу. “Боролдойн цаг”-аар газардан бууж холбоос болон хувирах үе айдас төрүүлэм агаад бүх холбоос хөгжим биш атлаа хөгжим болж байгаа нь өмнө нь манайд огт хийгдэж байгаагүй шийдэл. Бүтэн амьдрал, бүр амьдрал төгссөний дараа ч үргэлжлэх тэр нууцыг үггүй өгүүлсэн нь бүр ч “амттай” нууцлаг болж чадсан байна.

“Авдраа нээ,” “Зочид буудал”-д эхний дуунуудад агуулагдсан хөнгөн агаад гэнэн өнгийг гээж,  харанхуй, цэвэр хард рок жанрыг мэдрүүлэх бөгөөд үйлийн үрийн тухай өгүүлэх “Санкара”, “Цаг нь болохоор” дуунуудыг психоделик рок болгон тодруулахад гитарчин С.Хосбаярын чадварлаг гоцлол онцгой үүрэг гүйцэтгэсэн болохыг сонсогч та бүхэн сонсоод маргахгүй байх. Мөн “Санкара” дууны эхлэл хэсэгт Буддын шашны тарни нэг бадаг хөгжимтэй нийлж явах бөгөөд  ламын уншлага яг нэг бадаг дуу мэт орж, дундаа загалмайтны шашны Григорын дуулал эгшиглэх нь бас л энэ дуунд зориулан зохиосон мэт яв цав нэг биет болон уусан нийлжээ.

“Шар айраг” хамтлагийн гитарчин Буянаа буюу Ж.Буянтогтох аман хуураар блюз хөг нэмж, саксфон бүрээчин Ц.Нямгэрэл үгээр илэрхийлэх боломжгүй мэдрэмжийг жааз агаараар өргөсөн “Аннича” буюу “Мөнх бус” дуугаар сэдэвт цомог өндөрлөх бөгөөд алсад салхи исгэрээд цаашлан одох нь маш далд гунигийн аниртай ажээ.

Гитарчин С.Хосбаярын гитараар хийсэн чоно улих мэт аялгуу, слэйдээр тоглосон уянгалаг хэсэг, зүгээр л ганц хэрээний гуаглах дууг донжийг нь олон холбоосонд оруулсан нь “хар” өнгө муу, муухай болгоныг төлөөлөл гэсэн нийтлэг бодлыг бут цохисон явдал болсон байх бөгөөд “Санаанд оромгүй хариулт” дуун дунд Т.Мөнх-Оргилын тоглосон гитарын аялгуу гэгээн цайлган байх атал холбоосны автомат хариулагчийн үгийг  энхрий ялдам эмэгтэй хүний хоолойгоор бус, хүйтэн хөндий өнгөтэй хэлүүлсэн нь бүр ч зөрчил, драмыг илтгэж амьдралын “бодит” чанарыг бүхэлд нь харуулсан шийдэл болсныг олон дахин сонсох бүр ойлгох болно. Драм гэдэг зөрчил байдаг болохоор энэ өгүүлэн буй түүх өөрөө зөрчилт амьдрал тэр чигээрээ байх нь сэтгэл уярам бас бодол царцам ажээ.           Харин дээр өгүүлсэн хоосонгүй “Хоосон дуу”-ны англи хувилбар дээр сэтгэлд нийцээгүй ялимгүй зүйл байсныг хэлэлгүй орхивол алдас болох байх. Уг нь With each stroke of the ticking clock… гэж эхэлдэг дөрвөн мөртийг зохиогч өөрөө уншилгүй өөр хүнд ацаглаж орхисон нь сэтгэлийн гүнээс гарсан үг бус, нэг л хуурай хөндий дуулдаж байсныг хэлмээр байна. “Авдраа нээ” дууны Англи хувилбар их ази өнгөтэй байх. “Зочид буудал” дууны Монгол хувилбар цэвэр монгол Рок н Ролл гэх мэтээр задлан ярихаа азнаад хөгжмийг, тэр дундаа рок дуурь маягтай энэ бүтээлийг үгээр илэрхийлэхэд хэтийдэх тул сонсоод мэдэр гэсэн үгээр тоймоо өндөрлөе.

Энэхүү тоймыг “TNT” гэж гарчигласан нь өнгөц харвал цомгийг бүтээсэн Д.Төрмөнх, Н.Номуунзул, Ц.Тэмүүлэн нарын нэрсийн товчлол шиг харагдаж байгаа боловч үндсэндээ Монголд өмнө гарч байгаагүй, дараа хэзээ гарахыг үл мэдэх “Тринитротолуол” мэт тэсрэлт хийсэн цомог гэж хэлэх гэсэн санаа минь билээ.