“Моханик” хамтлагийн хоёр дахь цомог “At Amarbayasgalant”-ийг  гарсан гэж дуулмагцаа, “Hifi” CD шопын 333555 дугаарт сандран залгаж захиалаад, хаа байсан нэгдүгээр хорооллоос очиж авсандаа одоо хэр нь харамсдаггүй юм. Үүнээс өмнө нэгэн эрхэм дүүгийн “Ipad”-аас энэ цомогт орсон “Зөөлөн мишээл” дууг сонсоод загатнасан газраа маажуулах шиг болоод байсан юм.

Хэдийгээр манайд “Алтан ураг”, “Хөсөгтөн” зэрэг фолк рок хамтлагууд байдаг ч тэдний уран бүтээлд ардын хөгжмийн зохиомжууд ноёлдгоос орчин үеийн хөгжим үнэртдэггүй билээ.

Мөн  2013 оны хавар Австрид амьдардаг, Тувагийн дуучин  Сайнхүү Намчылак ирж, “Ай лофт”-д хэдхэн дуу дуулахыг сонсоод манайхаас этно рок хамтлаг гараасай гэж хүсэж байсан болохоор үнэхээр бахархах сэтгэл төрсөн билээ.

“Моханик”-ийн анхны “100-ийн ундаа” цомог нь  “kidult” шинжтэй ч тэр нь илэрхийлэх санаатай байсан бол энэ удаагийн цомгоос тэдний “өсөлт” хурдтай явагдсан нь илт ажиглагдав. Үүнийгээ ч тэд өмнөх цомог дээрх “Тааз эргье” дууны төгсгөлд харуулсан билээ.

Байгаль дэлхий, эх орон, уул ус, итгэл бишрэлээ хайрлан хүндэлж байгаа, хойч үедээ өвлүүлэн үлдээх хүслээ энгийн байдлаар үүнээс өөрөөр яаж илэрхийлж болохыг мэдэхгүй. Хэрвээ энэ цомог 1990 оноос өмнө гарсан бол тэр дороо МАХН-ын Төв Хорооноос үндэсний үзэл нэвт ханхлуулсан, шашингүйн онолтой илэрхий зөрчилдсөн гэх мэт үй түмэн нэр, хоч зүүн дуулсан дуучин, зохиосон зохиолч нараа хаа нэг тийшээ цөлөгдөхөөс эхлэн хар гэрт хүртэл хориулах байсан нь лавтай. Аз болоход зөв цаг, хоосон байсан орон зайг “Моханик”-чууд олсон нь таатай…

Цомогт багтсан дуунуудын композиц, түүний аранжеровкуудыг маш нарийн, юуг ч дутаалгүй хийж болдгийг эндээс харж болохоос гадна басс гитарийг түлхүү оруулсан нь түүгээр зөвхөн ритм бариулдаг гэсэн ойлголтыг няцаажээ. “Зөөлөн мишээл” дууг хоёр хувилбараар дуулсан нь уран сэтгэмж хэрхэн дундрашгүй болохыг бусдад харуулсан хэрэг боллоо. (Аль аль хувилбар нь сонсогчдод таалагдах нь дамжиггүй.)

“Савдаг”, “Домог” дуунууд нь 1960-аад оны барууны психоделик рок хамтлагуудыг өөрийн эрхгүй санагдуулж байгаа бөгөөд эдгээр дуунуудаа илүү удаан үргэлжлүүлсэн ч уйдахааргүй байлаа.

Гадна үзэмжинд ач холбогдол өгдөг өнгөц сонирхолтой хүмүүст уг цомгийн эртний түүхийн ул мөрийг шингээсэн ковер “Live in Pompey” цомгийг санагдуулж, таалагдах нь дамжиггүй. Дууны үгийг тусад нь ном болгон хэвлүүлж хавчуулсан нь өвөрмөц шинжтэй бөгөөд үүнийг зөвхөн цомог хэлбэрээр худалдаж авсан сонсогч нар үзэх завшаан тохиох болно.

Сониуч зантай гадаад сонсогчдод юун тухай дуулж байгааг тайлбарлах гэж үйлээ үзэх хөтөч-орчуулагч нарын зовлонг ихээр нимгэлж өгсөн нь сайшаалтай болохыг дууны шүлгүүдийг Монгол-Англи хэл дээр зэрэгцүүлэн буулгасан явдал байв. Орчуулгуудыг ч тун дажгүй хийсэн байна.

“At Amarbayasgalant” цомог 2014 оны шилдэг цомогт маргаангүй багтах бөгөөд хувийн зүгээс 9.6 гэсэн үнэлгээ өгмөөр байна.

Гамбино

2015 оны 1 дүгээр сар 26