Jii Jah: Ичихгүй “Яадаг юм”

Залуу уран бүтээлч Jii Jah буюу М.Шижир-Эрдэнэ регги жанрын өөрийн шинэ уран бүтээлээ хөгжим сонирхогч залууст хүргэлээ.Тэрээр 2008 оноос хойш регги урсгалын сонирхох болсон бөгөөд гуравдугаар сарын 24-нд өөрийн шинэ уран бүтээлээ хөгжим сонирхогчдод толилууллаа.

Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангийн гуравдугаар курст суралцдаг тэрээр өөрийн дууны үгийг өөрөө бичиж, клипээ өөрөө хийсэн гэнэ. Харин түүний хоёр дахь уран бүтээл тун удахгүй гарах бөгөөд “Dreadlock” нэртэйгээр сонсогчдын хүртээл болох нь ээ.

Ингээд авъяаслаг залуу уран бүтээлч Jii Jah буюу М.Шижир-Эрдэнэтэй ярилцсанаа уншигчиддаа хүргье.

-Яагаад заавал регги гэх урсгалыг онцлох болсон бэ. Ер нь энэ урсгал ямар онцлогтой байдаг юм бол?

-Надад бол энэ урсгал хамгийн сайхан урсгал. Хүмүүс хаа байсан африкийн хөгжим гэж бодох л байх л даа. Хөгжим бол хүн бүрийн ойлгодог хэл шүү дээ. Надад ойлгогдож байгаа хэл бол регги гэж ойлгож болно. Ер нь энэ урсгалыг Монголд хөгжүүлж эхэлье гэж бодож байгаа. Тиймээс хамгийн анхныхаа уран бүтээлийг туурвилаа.

-Энэ урсгалыг тэр болгон хүн бүхэн ойлгож, мэдэх нь ховор шүү дээ?

– Регги бол миний дотор байгаа гэгээхэн хүсэл. Цагаан цайвар бүхнийг регги гэж хэлж болно. Энэ бол миний л бодол шүү дээ.

-Дууны нэр их сонирхол татлаа. “Яадаг юм” гэх нэрийг хэн өгсөн бэ?

-Дууны нэрийг эхнэр маань өгсөн. Ер нь юунаасаа ичдэг юм…”Яадаг юм” л гэсэн утгатай. Үгийг нь би өөрөө бичсэн. Харин аяыг “Kingdom Riddim” сайтаас авсан. Энэ сайтад регги DJ нар өөрсдийнхөө аяыг үнэгүй ашиглах зөвшөөрөлтэйгөөр байршуулдаг. “Kingdom Riddim” гэх сайтаас авсан аяа заавал буцаагаад нэрийг нь бичиж энэ сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Миний хувьд бүх хийх ёстой зүйлсийг нь албан ёсоор хийж бүртгүүлсэн байгаа. Хоолой бичлэгийн хувьд “Yellow room” студид орсон.

-Клипийг та өөрөө хийсэн гэж сонссон. Тэгэхээр видео клип талдаа сонирхолтой гэсэн үг үү?

-Би өөрөө клипээ хийсэн. Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангид сурдаг одоогоор гуравдугаар курсын оюутан. /Инээв/.

-Таны “Яадаг юм” бүтээлээс сонсогчид маань юу мэдрэх бол. Мэдээж уран бүтээлч хүний хувьд сонсогчдын сэтгэл хөдлөлийг тодорхой хэмжээнд төсөөлж байсан болов уу?

-Хүн хүн өөрийнхөөрөө л ойлгох байх. Зарим нь энэ нөхөр нилээн “мааз” нөхөр байна гэх байх. Харин зарим нь тэнэг нөхөр байна л гэх байх. /Инээв/. Гэхдээ миний бодлоор битгий шантраарай бүх зүйлийг хичээвэл чаддаг юм шүү гэх санааг агуулж байгаа.

Э.ЯЛГУУН