Охидийн “Honeymoon” хамтлаг таван насныхаа ойн дээр “Бал сар” цомгоо гаргажээ. Цомогт орсон арванхоёр дууг авьаслаг продюсерүүд болох Ганг, Аранза, Байдраг, Оки мөн “Ocean Grey Music Production”-ыхан зохиосон байна.

Цомог тэр чигтээ хайрын тухай дуунуудаас бүрдэх бөгөөд амьдралд хөл тавьж буй охид хайр сэтгэлийг хэрхэн үнэлж, дүгнэж, төсөөлж байдгийг харуулж байна. Тиймээс 20 нас дөнгөж гарч буй охидтой эцэг, эхчүүд уг цомгийг сонсон хүүхдийнхээ юу хүсэж явдаг, хорвоог хэрхэн үздэг, танд хэлж чадахгүй байгаа үгийг нь мэдэж болно. Мөн хөвгүүд ч гэсэн үе тэнгийнхээ охидуудын сэтгэл доторхыг уудлаж, мэдье гэвэл энэ цомгийг сонсоорой гэж зөвлөе.

Ямар ч гэсэн аав хүний чихээр сонссон сэтгэгдлээ хуваалцья.

Охидод ямархуу залуу таалагддаг болохыг мэдье гэвэл продюсер Окигийн зохиосон, цомгийн гуравдахь дуу “Тэр залуу”-г сонсоорой. Тэд олон үггүй, нууцлаг мөн сонирхолтой залууд талтай байдаг юм байна. Харамсалтай нь энэ үгээ хэлэх зүрх хүрдэггүй ажээ.

Хөгжмийн зохиолч Байдрагийн үг, ая “Чи хэн юм бэ?” дууны аранжировкаг дурьдахгүй өнгөрч болохгүй. Охид данцаараа дуулж болох байсан уг дууг харилцаа-хослол дуу болгосон нь ухаалаг шийдэл болжээ. Дууны дахилт, үглэл, шивнээ зэргийг сонсоод үзэхэд лавтай таалагдана.

Би хувьдаа цомгийн топ дуугаар тэр чигээрээ дурлалын философи болсон “Хаа хүрэх гэж” дууг нэрлэнэ.           Аливаа юм тодорхой, дэлгэрэнгүй байхдаа уйтгартай. Ямар эрсдэл, аюул, завшаан өмнөө хүлээж байгааг үл таамаглан урагшлах дуртай хүмүүсийг тулсан сорилтоо даван туулахад энэ дуу зоригжуулна. Ямар ч гэсэн playlist-дээ багтаахыг зөвлөж байна. Эрч хүч, ритмийг эндээс та сонсохгүй. Харин дахилт нь ид шидтэй. Энэ дууны хоолойны бичлэг хийх үед студид ямар нэг үл мэдэгдэх хүч охидуудад нөлөөлсөн байх. Хөгжим нь ч бас…

Аранзагийн хөгжим, Урангоогийн шүлэг “Дурлалын сезон” дуу зуны нартай өглөөг угтахад яг тохирно. Ритмлэг, эрч хүчтэй хөгжим сэтгэл сэргээн, хошин агаад сэхүүн шүлэг нь таны нүүрэнд инээмсэглэл нэмэх болно.

Хайр сэтгэл үргэлж дэлгэрээд, ундраад байдаггүй. Хааяа ялагдах үе гарна. Хэрвээ миний охин ийм байдалд орсныг би мэдэх юм бол Dr.Love дуугаар шаналсан сэтгэлийг нь анагаахыг бодно.

Рокерууд аав, ээжийн тухай дууг төдийлөн ойшоодоггүй. Харин поп дуучдад энэ эрх нь нээлттэй. Мэргэжлийн бүтээл поп гэсэн хөгжмийн хоёр өөр төрлийг харьцуулж болдогсон бол Ганг-ийн “Хүндэт аав, ээждээ” дууг хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав, ээж хоёр минь” дууны дараа орох бүтээл болжээ гэмээр байна.

Анхны хайр, түүнийгээ илчлэх гэж зүдрэх, эргэлзэх, арай гэж олсон хайраа арчлах, хууртах, шаналсан сэтгэлээ анагаах, аав, ээжийн зөвөлгөөнд талархах өнгөрсөнийг мартах, ухаарах гэх мэт  амьдралд тохиолдож болох бүхний тухай өгүүлж байгаагаараа энэхүү цомгийн дууны дараалал тун зөв болжээ гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Хэрвээ уг дараалал алдагдсан бол цомгийн концепт алдагдах байлаа. Үүнд продюсерүүдийн нөлөө асар их байсан гэдэгт итгэлтэй байна.

“Honeymoon” хамтлагийн дүү нартаа цаашдынх нь уран бүтээлд нь өндөр амжилт хүсэхийн ялдамд, дараа дараачын уран бүтээлдээ өөрсдийн зохиосон дуугаа дуулвал илүү үр дүнд хүрч болохыг сануулья.

Энэхүү тоймыг аав хүний чихээр сонсож бичсэн болохоор үнэлгээг сонсогчидоор хийлгэх нь зүйтэй байх. Яагаад гэвэл би өөрийн охиндоо өндөр үнэлгээ өгөхийг бодно.