“Intro – Outro”

Энэ цомог нууцлаг. Эхлэл (intro)-ээс төгсгөл (outro) хүртлээ өвөрмөц. Хар багаасаа “Hard rock” үнэнчээр сонсдог мань мэтсийг Hip-hop-д урвуулж магадгүй увидастай ажээ.

Ноднин зун нээлтээ хийсэн “Үндэсний шилдэг 21 дууны чарт”-ад “Цор ганц” дуугаараа нэг бус удаа дээгүүрт эрэмблэгдсэн, “Sing Like A Pro”лабелийн “Gentleman”цомгийн тухай би энэ удаа санал бодлоо хуваалцахаар шийдлээ.

Дуучин Mrs. М их нууцлаг нэгэн ажээ. Эсвэл “SLAP”-ынхан түүнийг бусдын харцнаас “харамладаг” байх. “Цор ганц”-ын клип дээр зургийг нь араас нь авсан болохоор надад тэгж санагдаад байгаа юм. Тэгээд ч аливаа зүйл хэрээс хэтэртлээ ил тод, задгай байх нь бусдад уйтгартай, аазгай хорхой арзагануулдаггүй.

Гэхдээ энэ бол өнгөн талаасаа болохыг CD-ээ задлаад, тоглуулагчиндаа тавингуут мэдэгдэнэ. Цомгоороо дамжуулж хэлэх гэсэн мессежээ залуу дуучин “Mrs. M” минут хагас үргэлжилэх интродоо багтаажээ. Чихээрээ харж, нүдээрээ сонс… Интроны хөгжим нь далд философийг  шингээсэн дорнын аялгуугаар чимэглэсэнээр өөрийгөө Монгол, мөн амазон эмэгтэй гэдгээ шууд илэрхийлэх ажээ.

Цомог арваннэгэн дуутай (intro+outro оруулвал 13 болно). “Тэр”, “Цор ганц”, “Зүрх” дуунуудаас тайлагдашгүй мэдрэмж төрүүлмээр хөг сонсогдох бөгөөд Зигмунд Фройд биш болохоороо юу болох нь тайлагдашгүй.

“Сисима”  дууны хөгжмийн найруулга шинэлэг, гитарын гоцлол нь онцгой. Бас шүлэг нь дуучны хэлэх гэсэн үгийг бүрэн илэрхийлж чаджээ. Хий дэмий цэцэрхэл эндээс та үл олж сонсох болно.

“Маамуу” дуунаас амьдралыг эрт таньсан нэгний өөртөө дүүрэн итгэлтэй сэхүүн үгсийг сонсох болно. Яах аргагүй залуу хүний омог бардам сэтгэл аж. Би ч бас залуу байсан бол ингэх л байсан.

Түүний дуулалт өвөрмөц, чөлөөтэй,  дуу болгонд нь орчин үеийн хөгжмийн өөр өөр стилиүд орсон ба дууны шүлэгүүд нь одоогийн залуусын ярианы хэв шинжийг тусгасан  бас тэрүүхэндээ этгээд өгүүлэмж хүүрнэлээр үргэлжилнэ…

Нийтлэлийн эхэнд би цомгийг нууцлаг гэж нэрлэсэн. Шалтгааныг нь мэдэхийг хүсвэл биет цомгийг худалдаад авахад болно. Ихэнх цомгууд дууныхаа үгийг хавтсандаа бичсэн байдаг бол “Gentleman” цаг зарцуулсаны эцэст учир нь ойлгогдох зургаар дүүргэжээ. Тэр зургуудийг хүн бүр ижилхэн хүлээж авахгүй, таавар-оньсого мэт.

Залуу дуучин Mrs.M-ийн дебют “Gentleman” цомгийг 18-аас дээш насныхан сонсоход тохиромжтой бөгөөд өөрийгөө залуу сэтгэлгээтэй гэж боддог  +65 настнууд ч сонсоход тайвшруулах увидастай ажээ.