Балмагдаад юу гэж эхлэхээ мэдэхгүй байна. Энэ нь ч тодорхой. Бүхэл бүтэн арван жил хүлээлгэсэн Гар хангалга бидний гар дээр ийнхүү ирлээ. Арван жилийн хугацаанд Нисванис гар хумхин, таг болсонгүй. Ганцхан өнгөрсөн жилээр жишээ авахад өмнө нь гаргасан Саарал үе, Хүчил төрөгч, Нисдэг таваг цомгуудаараа бие даасан тоглолт хийсэн ньрок хөгжим сонсогчидийн сэтгэлд нийцсэн үйл явдал болсон билээ.

Энэ бүхэн нэгэнт өнгөрсөн явдал болохоор яг одоо шинээр гараад байгаа Гар хангалга цомгийн тухай өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцья.

Nisvanis-toim-1

Нийт арван гурван дуунаас уг цомог бүрдэх бөгөөд бараг тэн хагасых нь шүлгийг яруу найрагч Б.Галсансүх бичжээ. Юмыг хээнцэрлэж, чимэглэн хардаг хүмүүс эдгээр дуунуудыг ялангуяа үгийг нь тогтоож сонсоод бөөлжис нь цутгах нь ойлгомжтой. Харин гаднаас нь дүгнэж, сармагчлан дуурайх дуртай хүмүүсийн хувьд түүний шүлгүүдээр зохиосон дуунууд амны уншлага болох нь гарцаагүй. Үүнийг тэрлэгч би хүртэл “…гар байна, гавал байна…” гэсээр хэд хоноод байгаа билээ.

Юмыг хээнцэрлэж, чимэглэн хардаг хүмүүс эдгээр дуунуудыг ялангуяа үгийг нь тогтоож сонсоод бөөлжис нь цутгах нь ойлгомжтой.

“Үүнээс хойш би…” дуугаар цомог эхэлж, Nisvanis-чууд хойшид хэрхэхээ шууд зарлан тунхаглана. Басс нь тасархай…

Чөтгөрөөр замаа нилээн заалгасан хүмүүст Чөтгөр бид хоёр шууд таалагдана. Гурав, дөрөвдүгээр бадгийн хоорондох бөмбөрийн холбоос, сүүлийн мөрний давталтуудын  бөмбөрийн цохилт чөтгөрийн хийрхэлийг өөрийн эрхгүй санагдуулна. Үүнийг зөвхөн чөтгөртэй саднасаж явсан хүмүүс л мэднэ.

Дахилт нь бадгаасаа илүү таалагдаж, тархинд шууд хадагдах дуу гэвэл “Аабан Бээбэн” билээ. Энэхүү янаг дууны бүх орц нь таарсан гэж болно. Хосоогийн гоцлолыг наана биш “цаана” дуугаргаж өгсөн нь саунд инженерийн зөв шийдэл болжээ.

Цэвэр панк рок дуу гэж Далд оюун ухаан-г хэлнэ. Цөөхөн үгээр бүхэл бүтэн философийг өгүүлэх бөгөөд төгсгөл золиг шиг…

Нисванис хамтлагийн дуунуудад бараг анзаарагддаггүй, Монгол хөг, аяыг Сэтгэл хөдлөнө дуундаа эгшиглүүлсэн нь сэтгэл хөдөлгөх нэг шалтгаан байлаа.  Басс гитарын давтамж, соль гитарын гоцлол яалт ч үгүй нэг Монгол аяыг санагдуулаад, заримдаа бүр нэр нь аман дээр гарч ирээд байгаа юм. Ла ла ла…

“Удаан дуу” гэхээр уйтгар, гуниг ханхлуулах юм шиг санагдсаныг нуух юун. Гэтэл хэнийг ч уйтгарлуулахааргүй дуу болсоныг сонссон хүмүүс мэдрэх болноо.

Нэрийг нь сонсоод ярихад төвөгтэй бодол төрүүлж ам, хамраа хар аяндаа тагламаар  болгох нэгэн дуу байгаа нь цомгоо нэрлэсэн ГАР ХАНГАЛГА билээ. Агуулгын хувьд харин огт өөр санааг агуулсан болох нь нэг сонсоход ойлгогдоно. Өндөр технологи хөгжсөн өнөө эрин үед ганцаардалын аюул хэн бүхэнд нүүрлэж байгаа ч үзэл бодол нийлэхгүй хүмүүсийн дунд ганцаардалгүй амьдарч, “өвөг дээдэстэйгээ” ханьсаж болохыг өгүүлнэ.

Энэ дуу Анарын чадварыг харин ч нэг харуулах шиг болно доо… төгсгөл нь үнэн кайфтай, сонсоод үзээрэй.  Үүгээр цөс ихт хөвүүний шүлгээр бүтсэн дуунууд өндөрлөх ч цомог цааш үргэлжилнэ.

Мартын 8” гэж эрчүүд маниусын сэтгэлийн илэрхийлэл болсон дуу ажээ. Ажлын хүүхнүүд, “НУА” энэ тэрээ баярлуулж явсаар гэрийг гийгүүлэгч нараа мартчих явдал мэр сэр таардаг юм доо…

“Хүдэн” зохиолоороо миний хайрыг булаасан, Нисванис хамтлагийн галзуу улаан фен Л.Таванбаяр, өөрийн зохиосон шүлгээрээ “Алтан ураг”-ийн Эрдэнэбаттай хамтран зохиосон “Тайга” киноны дуугаа “Гар хангалга”-д оруулсандаа баярлаж үхэх гэж байгаа байх. Айдас төрүүлэм хөгжимийн найруулгыг нь саак гэхэд ч багадна. Цомгоос нь сонсоорой. Миний зохиосон шүлгээр хийсэн дууг, шүтдэг хамтлаг маань дуулвал хачин юм болно. Даанч тийм авьяас заяагаагүй…

Ганг гэж гайхалын зохиосон Нэргүй дуу гэдэг нэртэй дуу “Гар хангалга”-ыг ёстой чимэх шиг болжээ. И.Матвиенкогийн школоор бүтсэн гэмээр энэ дуугаар цомог дахь уянгын дуунууд хөврөнө.

Цомог цаашаа Цаг хугацаа бүгдийг эмчилнэ дуугаар үргэлжилнэ. Энэхүү дууны басс нь бараг л МаккартнигийнSomething” шиг болжээ. Кульминацуудыг нь эхлээд Хосоо, дараа нь чавхдаст хөгжим, Амгаагийн хоолой ээлжилж, нийлэн гаргасанаар дууг уянгалуулсангүй.

“Талархал”-ын эхлэлийн нүжигнээн ахиад жаахан удаан үргэлжилсэн бол гэж бодогдохын чацуу соль гитарын гоцлол нь цус буцалгаж орхив.

Зөвхөн Нисванис л цомгоо чимэглэх хавтасны зургийг алс хол Лондонд суугаа Хэско зуржээ. Түүний зургийг ойроос үзье гэвэл Их дэлгүүрийн ард байрлах Ruby Room-д очоорой.

Олон жил Нисванистэй хамтран ажиллаж, нэг эс ширхэг нь болсон Вовка, ховор заяах сонсгол, арвин туршлагатай Дашка, Энхээ GV нар байгаагүйсэн бол цомог хичнээн сайхан хавтастай, дуунууд нь хурц тод шүлэгтэй, Амгаа, Дархаа, Анар, Хосоо нар хичнээн мэрийсэн ч цомог ийм мундаг болохгүй билээ.

Гар хангалга цомгийн дуунуудыг би нэгд нэгэнгүй тоочихыг хүссэнгүй. Нэгдүгээрт өөрөө ийм ганган цомогтой болоод балмагдлаа. Хоёрдугаарт миний олж сонссоноос огт өөрөөр, өөрийн гэсэн мэдрэмжээрээ хүлээж аваад хүртээсэй гэж бодлоо.

Цомогт орсон дуунуудаас гурван дуу клиптэй болоод албан ёсны YouTube суваг дээр нь тавигдсаныг манайхан үзэж, сонссон нь тодорхой. Гэхдээ арзайтал инээсэн сармагчинтэй Си Ди цуглуулгандаа байлгах нь үнэнч фенүүд төдийгүй орчин үеийн Монгол иргэний хувьд цэвэр нэр төрийн хэрэг болох билээ.

Одоо юун сонгууль, тархиа угаалгаж байхаар… хая зүгээр, “Гар хангалга” л байхад хангалттай бус уу?

“Гар байна, гавал байна… бага сааж, их хийцгээе!”

 

Nisvanis хамтлагийн цомгуудыг худалдан авах:

 

Nisvanis-Gar-HangalgaNisvanis_Nisdeg tavagNisvanis_Saaral uyNisvanis_Huchilturugch