Бага тойргийн бахархал

Хөгжимчин, дуучин, ая зохиогч В.Энхбат алс холын АНУ-д “Бага тойрог” хэмээх цомог гаргаж “Битлз” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч болохоо батлан харууллаа. Уг цомогт орсон түүний дуунуудаас  1970-80-аад онд нийслэл хотын орон сууцны  орцонд хангинадаг байсан “ах” нарын дуу, жинхэнэ Монгол андерграунд аялгуу сонсогдох болно.

Сүүлийн үед хамтлаг дуучдын шинээр гаргасан цомгуудад ажиглагдах болсон ардын дууг өөрийн стиль, жанраар тоглож оруулаагүйгээрээ энэ цомог ялгарч чаджээ.

Энэ цомогт хориод жилийн өмнө хит болж байсан, өдгөө тэр бүр таараад байдаггүй “Мишээл” дуугаа оруулсан нь тун олзуурхууштай санагдлаа. Хүн хоолойгоороо биш харин хэрхэн зүрхнээсээ дуулдгийг “Мишээл”-ээс сонсогч та мэдэх болно.

“Хайр дурлал чамд ирнэ,” “Өглөөний мэнд ээжээ,” “Чи бид хоёрын Рок-н-ролл” зэрэг дуунуудын гитарын гоцлолын найруулга, аранжировкийг дахин давтагдаагүй хийсэн нь зохиогчийн авъяас хэрхэн бялхаж байдгийн илрэл болж байна.

В.Энхбатын уран бүтээлд “Битлз” хамтлагийн “Плийз плийз ми”, “Вит дэ Битлз”, “Хард дэйс найт,” цомгийн дуунуудын элементүүд шингэсэн байх нь сонсогдох бөгөөд Ж.Харрисоны тоглолтын арга барил илүү тод мэдрэгдэж байгааг дурьдах нь зүйтэй. Гадаадын хамтлаг, дуучдын дуунуудаас коверлож дуулдаг хамтлагууд В.Энхбатын арга барилаас суралцаж, өөрсдийн уран бүтээлдээ сонсох дуртай хамтлагийнхаа хэлбэрийг тусган баяжуулвал зохилтой санагдана.

Цомогт орсон дууны шүлгүүд нь нялуун чимэггүй, хэлэх гэсэн санаагаа толгой эргүүлсэн гоё үгээр булаагүй нь онцлууштай. “Манай үеийн баатрууд” –аас одоо ч хаа сайгүй тааралдаж байдаг “нусгай” атаман Билгээ, тэвгэнд дийлддэггүй Гүнсээ бацаан, хивж явдаг Түнтүүш нарыг олж харж болохоор байна.

Энэ цомгийг гаргахад гар бие оролцсон АНУ-ын хөгжимчин Лайнн Олсон, Жош Ватсон нарыг “Дурлал сэтгэлдээ (үнэнч байх болно),” “Чи бид хоёрын Рок-н-Ролл” дуунуудаас сонсож, хэн ямар хөгжим дээр тоглосныг таах гэж оролдоорой.

Эцэст нь хэлэхэд эх нутаг, элгэн саднаасаа алсад суугаа хүний зүрх сэтгэлээс ундрах ая, эгшгийг та энэ цомгоос сонсож, В.Энхбатын баяр, гунигаас хуваалцах болно.

Гамбино