Хоног тоолвол гурван жил гэдэг урт мэт боловч хуруу тоолвол асар богинохон билээ. Гэтэл Дэлхий хамтлагийнхан цэнхэр “Ертөнц”-өө гаргаад гуравдахь жилийнхээ босгон дээр шинэ он гараад удаагүй байхад ногоон “Байгаль” цомгоо эх барьж авлаад байна.

Энэ цомог 53:35 минут үргэлжилдэг бөгөөд олноо сахал Пүүжээ хэмээн алдаршсан СГЗ Г. Пүрэвдорж,авьаяслаг хөгжмийн зохиолч Г.Онон нарын дан хөгжмийн 10 бүтээлээс бүрджээ.

“Байгаль”-ийн хавтас, CD нь эргэн сэргэхийн бэлэгдэл болсон ногоон өнгөтэй, илүү дутуу чимэггүй нь их таалагдлаа.

Савдаг хэмээх эхний тракыг цуур, лимбэ, хэл хуур зэрэг ардын хөгжмийн зэмсгүүд, гитараар тогложээ. Хөгжмийн найруулга нь Пинк Флойд”, Кинг Кримсон зэрэг хамтлагуудын 1960-аад оны тоглож байсан психоделик рок дээр этно урсгалыг нэмснээр илүү увидаслаг агаад ховсдох чадалтай болсон нь (4:07 дээр) сонсогдоно.

Сонсогч эрхэм “Савдаг”-аар ховсдуулсан бол өнгөрөө. “Үүл” таныг цааш нь хөтлөх болно. Зүгээр ч үгүй бас хөөргөнө. Ид шидтэй гэмээр энэ аялгуунаас их хотын стресс, дарамтыг уусгах улмаар арилгах хөгийг сонсоно. Ус гурван төлөвт оршдогийн эхнийх буюу шингэн төлөвийг “Ертөнц”-д үзүүлсэн бол энэ удаа хийн төлөвт шилжин үүл, манан болдогийг “Байгаль”-д өгүүлнэ. Энэхүү бүтээлээс чил-аут гэхээс илүү цэвэр релакс хөгжим мэдрэгдэх бөгөөд Даваа-Лхагва гарагийн үдэш унтахаасаа өмнө сонссон хүн маргааш өдрийн ажилд түүртэхгүй гэдгийг баттай хэлэх байна.

Ус гурван төлөвт оршдогийн эхнийх буюу шингэн төлөвийг “Ертөнц”-д үзүүлсэн бол энэ удаа хийн төлөвт шилжин үүл, манан болдогийг “Байгаль”-д өгүүлнэ.

Аливаа амьд биетийн үр гэрэл, усаар урган төлждөг гэсэн шинжлэх ухаанч ойлголт хэтэрхий гэнэн санагддаг. Түмэн зүйлсийн амь “Савдаг”-ийн хүчээр шидийг олж, үүлнээс буусан ариун усаар умдаалснаар амилдаг гэдгийг Г.Ононгийн “Үр”-ээс сонсогдоно. Дорно зүгийн ятга, өрнө зүгийн хийл, эрт цагийн морин хуур, энэ үеийн цахилгаан гитар хөгжмүүдийг нийлүүлэн, тарьсан үр хэрхэн амь ордогийг хөгжмийн найруулгаас нь сонсож болно. Ялангуяа гитарын кульминац нь янзтай…

Хөгжмийн зохиолч СГЗ Г.Пүрэвдорж “Цэцэг”, “Говь”, “Бүүвэй” гэсэн гурван бүтээлээ “Байгаль”-д оруулжээ. Түүний зохиосон “Цэцэг”-ийг ах дүү Ц.Алтангэрэл (Атка): гитар, Ц.Нямгэрэл: саксафон нар басс гитарчин Д.Батбилэгтэй тогложээ. “Цэцэг”-ийн эхний нотноос Пүүжээ ахын signature болсон эерүү жазз аялгуу сонсогдоно. Энэ хөгжмийн өөр нэг онцлог гэвэл ах, дүү хоёр ээжээрээ нэрлэсэн бүтээлийг хамтран тоглосонд оршино. Тийм ч учраас “чамбай” сонсогдох нь аргагүй.

Таныг өөрийн эрхгүй бүжүүлэхээр суудлаас чинь ховх татан босгох элдэвтэй хөгжмийн бүтээл уг цомогт байх юм. “Өнгийн цэцэг ягаараад…” гэсэн Дархад ардын дууны дахилт, хэнгэрэг, хэл хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмийн зэмсгээс бүтсэн энэ зохиолын илүү удаан үргэлжилсэн ремикс хувилбар үтэр түргэн гараасай гэсэн хүсэл анх сонсонгуут таньд төрнө гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Тун удахгүй “Тайга” томоохон найт клабуудын амьдралыг чимэх нь тодорхой, зохиолыг нь бичиж өөрөө хөгжимдөж, дуулсан  Г.Онон ч элдэвтэй эр юмаа…

Цомгийн masterpiece нь яах аргагүй “Чоно” болжээ. Төрийн хошой шагналт, УГЗ, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагч нарын нэг агуу Донровын Намдаг агсны 1965 онд бичсэн “Хөгшин чоно улисан нь” хэмээх туужид өгүүлдэг чонын сүргийн нэгэн шөнийн анг дөрөвхөн минут үргэлжлэх энэхүү бүтээл кино мэт үзүүлнэ.

Атка (“Шар айраг”)-гийн улиулсан чоно, сүргээ дуудан цуглуулж нэгэн цул болгож буйг Баянжаргалын төгөлдөр хуур, Билгээ (“Fire”)-басс нар үзүүлсэн бол сүрэг чонын дайралтыг Баагий (“A-Sound”) бөмбөрөөр илэрхийллээ.

Нэг зорилготой, зангидсан гар шиг байхын учир энэ буюу…

“Байгаль”-д багтсан өөр нэгэн тасархай бүтээл бол “Шонхор”. Энэхүү бүтээлийг илүү сүртэй болгох гээд “Бүргэд” эсвэл “Тас” гэж нэрлэсэн бол хурдаараа эдгээр том жигүүртнүүд гологдох нь дамжиггүй. Шонхорын хурдыг гитарчин Э.Оргилболд хурууныхаа чадвараар таны сонорыг мялаах болно.

Амьдралынхаа тодорхой хэсгийг говьд өнгөрүүлсэн хүн л тэндхийн сүр хүч, сул доройг нь мэднэ. Цомгийн найм дахь трак СГЗ Г.Пүрэвдоржын туурвисан “Говь”–иос  дэлхийн бөмбөрцгийн өөр хаана ч байхгүй говь нутгийн жилийн дөрвөн улирлыг дараалуулан сонсох болно. Гэхдээ газар тэнгэр харанхуйлтал салхилдаг хаврын угалзан шуурга, хурмастаас гэнэт буугаад улайран үерлүүлдэг бороо энэ бүтээлд [над шиг тэнгэрийн муухайд дурладаг хүнд] үгүйлэгдэнэ. Харин говийн налгар намар, өнтэй өвөл нь дуурайтал нүдний өмнө дурайтал харагдана.

“Байгаль”-ийн хавтас, CD нь эргэн сэргэхийн бэлэгдэл болсон ногоон өнгөтэй, илүү дутуу чимэггүй нь их таалагдлаа. Цомогт орсон бүх зохиолуудыг нэг бүрчлэн дурьдвал уншигч таныг залхаах магадлалтай “Бүүвэй”, “Байгаль” зэрэг бүтээлүүдийг өгүүлэхээс цааргалав. Хаанаас энэ цомгийг авч болох вэ гэж байгаа бол Хай-Фай, Оранжын салбаруудаас гадна hi-fi.mn сайтаас биет бус байдлаар худалдан авч болно.

2009 оноос гараагаа эхэлсэн “Ертөнц” хөгжмийн төсөл нийт таван цуврал цомгоос бүрдэх бөгөөд өдгөө цэнхэр, ногоон цомгууд нь ийнхүү биелэл болсоноор ТӨСӨЛ хэмээн ам бардам хэлэх эрхтэй боллоо.

10352568_419014004935780_4215024666709867398_nCd_cover_universe_01