Алив найзуудаа яриад байгаарай

С.Цогтсайхны 17 дууг бас найман нийтлэлийг нь оруулсан “Хонхны дуу” хэмээх ганц си ди байдаг тэр тухай тойм бичих гэж оролдоё.

Түүнийг хорвоогоос халин одход  нийтлэлч Баабар “Би энэ хүнтэй нэг үед амьдарч, найз нөхөр явснаараа гайхуулна. Тэр тун товчхон бичдэг байсан, басхүү мөн ч товчхон амьдарлаа. Харин амьдралын утга учир нь аугаа байжээ”…хэмээн хэлсэн.

Нийтлэлийн тухайд бол тэр үедээ цоо шинэ үзэгдэл байсан. Би одоо ч түүнийг дуурайдаг. Миний бичлэг түүнийх шиг байгаасай гэж үргэлж боддог. Манай хуучин албан, хуурай, хэнхэг сэтгүүл  зүйд С.Цогтсайхан дээр өгүүлсэн Баабар хоёр л өөрчлөлт авч ирсэн.

Цогоо сэтгэлээсээ товчхон ярьдаг байсан. Гэхдээ би гэсэн Эго зангаар биш зүгээр л үнэнээ ярьдаг байсан нь түүний араншин байсан болоод түүнийг үг хүнд их энгийн атлаа хүчтэй хүрдэг байв.

Түүний “Би” гэх нийтлэлд “Би гойд хүн бишээ…гэж эхлээд Би дуучин ч биш л дээ…гэхдээ өөрийнхөө зохиосон дууг дуулмар болдог,  тэгээд ч хоолойныхоо өнгийг тааруу гэж үздэг, дууныхаа үгийг тод хэлж чаддаггүй, дуу зохионоо гэдэг болбол сэтгэл жаргаасан тааламжтай орчинд хэсэг зугаалахтай адилхан юм…” гэх мэтээр хамаг үнэнээ нуулгүй өгүүлсэн байдаг.

Мэдээж би хөгжим судлаач биш, бас шүүмжлэгч биш зүгээр л дотно найз нь бас багаасаа хөгжимд тэр дундаа рок хөгжимд дуртай өссөн л нэгэн болохоор бодлоо бичиж сууна. Түүний дуунууд нийтлэл шигээ үнэн, илэн далангүй бас энгийн сэтгэлд ойрхон аялгуутай байдаг . Өөрийгөө, өөрийнхөө сэтгэлийг дэлгэсэн дуунууд болоод өдий хүртэл амьтай, дотортой, бас хүчтэй байсаар.

Тиймээ тэр нээрээ ч дуучин биш гэхдээ түүний дуунууд цаанаа л нэг дотортой байдаг. Дотортой дуучин гэж бий. Үнэн сэтгэлийг, бүр дотроосоо гарч буй аялгууг хүргэх хойлойг  ингэж нэрлэдэг. Дэлхий дахинд мандсан, урт настай дуу, уран зохиол, хөгжим,уран зураг ч ялгаагүй  бүгд ийм өөрийгөө үнэнээр нь ярьж чадсан, ний нуугүй өгүүлсэн  бүтээлүүд байх ажээ.

Тэрээр сэтгэл дотроо байх тарчлаанаа, гуниг зовлонгоо, баяр хөөрөө зүгээр л дотно найздаа ярьж байгаа мэт хэлдэг, дуулдаг байсан.

Хамгийн гол нэг зүйл бол одоо залуу дуучид хамтлагуудад дутагдаад байгаа концепт буюу санаа юм. Дуу болгон аялгуу болгон өөрийн гэх үзэл санаа хэлэх утгатай байх ёстой. Зарим нэг хүн түүнийг улс төрийн дууч байсан гэж боддог байх. Тиймээ түүний сэтгэлийн үг аялгуу хувьсгалын дуу болж байсан. Байсаар ч байгаа. Саяхан төрийн шагнал хүртсэн “Хонхны дуу” үнэхээр ч хувьсгалын уриа байсан.

Гэхдээ тэр дуунд ямар нэг хүчээр оруулсан үзэл суртал байдаггүй. Аялгууны хувьд ч ялгаагүй. “Өглөө намайг сэрээсэн өнгөлөг хонхны дуу өртөөлөнхөн цуурайтсаар өргөн талыг туулаарай” …гэж аажуухан эхлээд дахилт бүтэн октав дээшилж , дээд өнгөрүү орж Хонхны дуу …хэмээн нисэх мэт дээшлээд, хашгираан цурхираан түрлэг болоод ирдэг. Үндсэн бадаг нь намуухан доороос учирлах маягтай явж байснаа  дахилт орж ирэхээр уриалсан, хөөргөсөн өнгө аялгуутай болж олон түмэн түрэхээс өөр аргагүй мэт болж дагуулдаг.

Түүний дуунууд энэ мэт янз бүрийн зохиомжтой байдаг. Хотын гудамж гэж нэг дуу байна. … “Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө …хэмээн даруухан  өгүүлж эхлээд Хол явхад санагднаа ойр ойрхон үгүйлнээ” …хэмээн дотоод харуусал хайр болж ирээд “Найз минь ээ хоёулаа нартай байхад уулзая, Найман цагаас хойш хотод минь найр тавих газар үгүй ээ”… гэж учирлан цааш өрнөдөг.

Түүний бүх дуу драмтай байдаг. Драм гэдэг зөрчил тэгэхдээ дотоод зөрчилийг, гаднах орчинтой зөрчилдөх зөрчлийг голчлон дуулдаг. Хүн бүрийн сэтгэлд байгаа тэр зөрчлийг аялгуугаар бас үгээр илэрхийлдэг болоод их л ойрхон, дулаахнаар хүнд хүрдэг.

“Би дуугүй байж чадсангүй”…гэж тэр дуулсан үнэхээр ч дуугүй байж чадаагүйгээ л дуулсан, бичсэн. Бас энэ дуу яагаад ч юм бэ” Битлс”-ыг санагдуулдаг. Эхлэлийн соло гитар нэг тийм араншинтай. Түүний дунуудыг аль нэг жанрт багтаахад хэцүү.

“Аршаантын 18” мөн л тийм аялгуутай бөгөөд энгийн мөртлөө зөрчлийг харуулдаг. Ядуу зүдүү өссөн нэгэн бүсгүйд хайртай болсон ч өөрөөсөө, амьдарч байгаа нөхцөлөөсөө ичээд байгааг харуулсан мөн л дотоод зөрчил дээр суурилсан. Ерөнхийдөө рок балладын төрхтэй. Түүний дуунуудыг нийтийн дуу гэж хэлж ч болно. Бас бард, авторский дуунууд гэж нэрлэж ч болно. Яагаад гэвэл хувийн чанартай бодол зөрчлөө дуулдаг болоод тэр. Тэр өөрийнхөө араншинг л ний нуугүй ярьдаг болоод тэрээ.

Өнөөдрийн манай залуусын хийж байгаа дуу хөгжмөөс ийм нэг үнэн сэтгэлийн үг их дутагддаг. Одоогоор манайд сайн дуу гарч байгаач нэг л доторгүй байх нь элбэг бөгөөд хэн нэгнийг дуурайсан, хэлбэр хөөсөн, гадна өнгөө хэт будсан гоёж гоодсон болоод байгаа болохоор С.Цогтсайхны дуу шиг дотортой болохгүй байгааг юм.

Хэн нэгний шүлэгийг аваад хэн нэгнээр ая хийлгээд өөрөө дуулах нь их түгээмэл болохоор өөр өөр янз маяг өөр өөр сэтгэл орж ирээд ямар ч үндсэн концептгүй дууны цуглуулга болоод байгаа учраас тэр.

Тэрээр бас анх удаа манайд фонограмыг оруулж ирсэн . С.Цогтсайхан  өрөө… “Би дуучин ч биш л дээ…гэхдээ өөрийнхөө зохиосон дууг дуулмар болдог,тэгээд ч хоолойныхоо өнгийг тааруу гэж үздэг, дууныхаа үгийг тод хэлж чаддаггүй”.. гэж хэлж байгаад тийм арга хэрэглэж эхэлсэн.Түүнээс “ам барих” зальтай аргагаар хуураад   залилаад байсангүй.

Одоо залуучууд түүний дууг олноор нь дахин дуулж байгаа. Цаашдаа ч дуулах байх.

Түүний аль ч дууг сонсоход нэг л дотно хуучин танил мэт санагддаг нь эргэн тойрноосоо авсан мэдрэмжээ өөрөөрөө дамжуулж гаргадагт л байгаа билээ.

Рок,поп урлаг голдуу өөрийнхөө дотоод сэтгэлийг уудалж ярьдаг, өөрийнхөө зовлон шаналалыг хэлдэгээрээ бусад төрлөөс өөр онцлогтой байдаг ажээ. Тэр өөрийхөө мэдрэмжээр л амьдарсаар түүнийгээ үгээр бас аяар хэлсээр, хэлж дуулж дуусаагүй байхдаа  их харамсалтайгаар зуурдаар шахуу нас барсан.

Тийм болохоор энэхүү бяцхан бичвэрээ залуучууд түүний дууг сонсож нийтлэлүүдийг нь уншихдаа бас даган дуурайж айлаас эрэхээр авдраа уудалдгийг л сурах ёстой юм даа. “Авдар” гэж мэдээж цоожтой савыг хэлнэ. Тэр цоожинд таарсан түлхүүр хийхийг л урлаг гэдэг байх гэж мунхаглана. Зарим хүн үгээр, зарим хүн аяар , зарим нь зурагаар өнөөх түлхүүрийг хийдэг. Дуучин болох хүсэлтэй, мөрөө үлдээх бодолтой хүн болгон хэрхэн олны авдарт түлхүүр тааруулах аргыг сурах хэрэгтэй гэж бодном. Тийм түлхүүрийг түүнээс сурч болно. Гол нь эхлээд айлын бус өөрийн авдарт түлхүүрээ тааруулж чадвал бусдын цоожтой авдар нээгднэ. Үүнийг л тэр хийж байжээ.

Гэхдээ тэрээр залуу насандаа энэ бүх дууг зохиож дуулсан болохоор залуучууд та нартай сэтгэлээрээ сүнсээрээ хамт  залуу хэвээрэй л байгаа хэрэг билээ.

“Бүрхэг өдөр”, “Бороо”, “Ээж минь дээ”…гэх мэт дуунууд бас л мэдрэмж, гуниг, ухаарал бүхий баллад маягтай. Ер нь түүний дуунууд ганцаардахад хань болдог найз шиг л байдаг.

Тэр өөрөө ч уян зөөлөн илэн далангүй, хүн бүхний найз шиг хүн байж билээ. Тэгээд ч дуунууд нь нэг л дотно найз мэт байдаг юм даа.

“Алив найзуудаа яриад байгаарай яаж шуухан аж төрж байна даа”…

 

Д.Төрмөнх