PANASONIC RP-DJS200

Сан Франциско хотод ажиллаж, амьдарч байгаа З. Амартүвшин хэмээх залуу хэсэг америк хөгжимчдийг “Хөх Монгол” нэрийн доор нэгтгэн амьдралын “Хар/цагаан”-ыг дуулсан цомог 2012 онд гаргажээ.

Гурван жилийн дараа уг цомгийг сонсож байгаадаа би нэг талаар маш их харамсаж байгаа бөгөөд нөгөө талаар хязгааргүй баярлаж байна. Харамсах болсон шалтгаан нь юу вэ гэвэл: хард рокд шимтэн дурлагчын хувьд “Хар/Цагаан” цомгийг дэндүү оройтож сонссон маань болж байна. Харин баярлаж байгаа шалтгаан маань: “Хөх Монгол”-ын цомгийг сонссон минь болно. Их энгийн…

Цомогт орсон арван хоёр дуунууд нь бүгдээрээ хард рок жанраар бүтсэн бөгөөд 1970-1980-аад оны Английн хамтлагуудыг өөрийн эрхгүй санагдуулна. Соль гитарчин Бен Кривикийн гоцлолууд нь Эдди ван Хален, Жон Норум нарын залуу цагийн тоглолтуудтай дүйцэхүйц байна.

Жо Батесын бассын дуугаралт бүх дуунууд дээр жигдхэн, зарим дээр нь бараг гоцлол гэмээр сонсогдож байгаагийн зэрэгцээ, “Амьдрал хар цагаан, амьдрал хар цагаан” гэх мэтээр Монголоор дуулж хоолой нэмжээ.

Дрю Юрков бөмбөрийн тоглолт бүх дуунууд дээр өөрийн гэсэн онцлогтой, хэмнэл,паузынхаа донжыг олсон нь урамтай.

Гоцлол дуучин, гитарчин З.Амартүвшин цомгийн ихэнх дуунуудын хөгжим, шүлгийг зохиож авьяаслаг уран бүтээлч болохоо харууллаа.

Цомогт “Соёл-Эрдэнэ”, “Инээмсэглэл”, “Electric Light Orchestra” хамтлагуудийн “Сэтгэлийн жигүүр”, “Итгэл”, “Can’t get it out of my head” дуунуудын аранжировкыг бидний чихэнд хоногшсоноос огт өөрөөр хийсэн нь хард рокеруудын сэтгэлгээ, тэдний IQ бусдаас “өөр” болохыг баталжээ.

Нэг их налайсан, тэнийсэн, жаргаж маанайсан эсвэл хожимдон ухаарч, харууссан агуулгатай, улаа бутарсан хацартай, лагс биетэй дуучдын дуунуудын дэргэд,“Хөх Монгол”-ынхоны цомгийн концепт тэс өөр болох нь нэрнээсээ илэрхий харагдана.

“Там”, “Тэсрэл”-ийг анх сонсоход Христиан рок дуунууд шиг санагдсан бөгөөд шүлгийг нь уншсаны дараа харин ч эсрэгээрээ Death metal агуулгатай болохыг ухаарлаа. Үүнд дуучны хоолой нөлөөлсөн байх талтай. Уг нь хоолойны эффект ашиглаад үзэх байсан юм.

“Найз”, “Залуу наснаас зураг л үлдэнэ”, “Чамайг харсан мөч” зэрэг нь жинхэнэ Монгол ахуйг өгүүлсэн дуунууд болсон бол “Хар цагаан”, “Тэсрэл”, “Эгэл орчлон” -уудыг амьдарч буй орчин, хамтрагч нарын нөлөөгөөр америкжсан сэтгэлгээгээр бүтээжээ.

“Чамайг харсан мөч” дутуу юмгүй софт баллад болсон байна. Ёстой л нөгөө “Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан”          хүнээс гарсан гэж хэлэхэд болно.

ELO хамтлагийн “Can’t get it out of my head” хэмээх хит дуунд “…Bank job in the city. Robin Hood and William Tell and Ivanhoe and Lancelot, they don’t envy me…” гэсэн мөр байгаагүй бол бүх үгийг нь цээжилж байгаад дуулна гэсэн мөрөөдлийг минь “Хөх Монгол” Амараа биелүүллээ. Би лав тэр хэсгийг нь дуулах гэхээр хэл орооцолдоод нэг мэдэхэд ая нь түрүүлээд явж байдаг юм. Энэ дууг өөрийн болгож цомогтоо оруулахын тулд хуулиа дээдлэн хүндэлдэг барууны ертөнцөд домогт Jeff Lynn-ээс зөвшөөрөл авсан нь ойлгомжтой, үлгэр дуурайлал болмоор явдал болжээ.

Цомгийн бичлэгийг чадварлаг инженерийн баг гүйцэтгэсэн болохыг дээрх гарчигт дурьдагдсан Panasonic RP-DJS200 болон түүнээс илүү сайн чанартай чихэвчээр сонсоход мэдэгдэнэ. Утасны ч юмуу эсвэл хаа сайгүй зарж байдаг муу чихэвчнүүд хард рокийн гайхамшигийг үл мэдрүүлэхээс гадна таны сонсголыг ч гэмтээх аюултай.

“Хар цагаан”-ны хавтаснаас цомгоо гаргах гэж яарсан уу эсвэл хавтас, баглаандаа анхаарсангүй юу, үгүй бол Улаанбаатарт байгаа монголчууд гял цал зүйлд их татагдаг болоо юу даа гэж бодогдлоо. Гэхдээ хушганы ясыг хагалалгүй чөмгийг нь амтлах боломжгүй ээ.