Тансаг аялгуу

Саяхан нэг нөхрийнхөө цомгийн цуглуулга дундаас, эртний Японы уламжлалт зураг гэмээр хавтастай содон цомог байхыг сониучирхан аваад нэр, усыг нь хартал хуучин Монгол бичгээр  тэрлэжээ. Миний үеийн хүмүүс энэхүү тансаг бичгийг заалгаж байгаагүй болохоор өөртөө бухимдасхийн хавтасыг нээтэл дуучин, виртуоз-гитарчин Буянаагийн зураг байх ажээ.

Цааш лавшруулан хартал хүүхэд ахуй цагтаа шүлэг, яруу найргийг нь амтархан уншин, хожим цаг үеэсээ түрүүлэн хорвоогийн үнэнийг таньж, бурангуй бүхэнтэй тэрсэлдсээр насыг элээсэн М.Цэдэндорж агсаны шүлгээр бүтээсэн дуу байх нь тэр. Та бүхэн М.Цэдэндорж агсаны зохиосон “Намуун байгаль” хэмээх шүлгээр хийсэн дуу байдгийг санаж байгаа гэдэгт итгэж байна.

Эгэлгүй эрхэм зохиолчын “Эргэх дөрвөн улирал” хэмээх яруу тунгалаг шүлгэнд Буянааг ямархуу хөгжим зохиосоныг нь сонжооч зан хөдлөөд сонстол тэр даруй “…Тансаг аялгуу…” гэж үүнийг хэлнэ хэмээн өөрийн эрхгүй бодогдлоо.

Тухлан сууж үргэлжлүүлэн сонсоход акустик гитар эгшиглэн танго, румба, салса бүжгийн хөгжмүүд урсав. Олон зуун жилийн түүхтэй Европын суурин иргэншил, соёлын үр шимээр өнөөг хүртэл эрхэмсэг, ихэмсэгийн илэрхийлэл болсон эдгээр бүжгийн аялгууг “Би чамд хайртай”, “Чиний дурлал” дуунууд шингээсэн байна.

Ялангуяа “Чиний дурлал” хэмээх гуравдахь дууны төгсгөлийг үгээр илэрхийлэх аргагүй… Дорнын их яруу найрагч Б.Явуухулан агсан “Чиний дурлал” шүлгээ хэрвээ орчин үеийн хөгжмөөр илэрхийлсэн бол ийм аялгуу түүнээс ундрах байсан гэдэгт би эргэлзэхгүй байна.

Буянаа уг цомогтоо Б. Явуухулан агсаны өөр нэгэн шүлэг болох “Дурлал минь”–ийг дуу болгон оруулжээ. Дурлалтай нүүр тулж, түүний амтыг мэдэрсэн хүний сэтгэлийн илэрхийлэл болсон мөнхүү шүлгийн энгийн хэрнээ даруухан оршил, өрнөл, төгсгөл тус бүрийг нь  акустик гитарын гоцлол, цөөхүүл чавхдаст хөгжмөөр “чимэг” болгосоныг зохьжээ гэхэд ч багадна.

Цомгийн дөрөв дэхь дуу болох “Уйтгар”-ын 03:09-03:13 хооронд Буянаагийн хоолойны цар хэр болох нь сонсогдогдоно. Гэхдээ энэ бол түүний дуулах ур чадварын хязгаар биш болохыг 6 сарын 12 өдөр болох тоглолтоос үзэж болох байх. Бас энэ дууны төгсгөл тун “чамин”. Чамин ч байхаас аргагүй. Учир нь гэвэл бидэнтэй нэгэн цаг үед амьдарч байсан нэрт яруу найрагч З.Түмэнжаргал агсаны шүлгээр хийсэн дуу юм хойно.

Тунгаамал алт гэхэд хилсдэхгүй эдгээр шүлгүүдийг, уншаад ойлгохгүй хүмүүсийн зүрх сэтгэлд дээрх дуунууд шууд тусна гэдэгтэй chill-out төрлийн  хөгжимд дуртай хүмүүс  санал нийлэх нь дамжиггүй.

Эхний дөрвөн дууг сонсоход зарим дууных нь хөгжмийг инструментал хэлбэрээр сонсох хүсэл хар аяндаа төрсөн билээ. Гэтэл цомгийн тав дахь трак “Далай”,  ес дэх трак “Өвлийн ордон” хэмээх дан хөгжмийн бүтээлүүд оруулсан нь ёстой л загатнасан газар маажих шиг боллоо. Аль аль нь  тансаг…

“Далай”-г сонсоход нэг бол И.Айвазовскийн зургууд сэтгэлд тодрох шиг үгүй бол өмнийн говийн элсэн манхай далайнууд нүдний цэлийх шиг болно.

“Өвлийн ордон”-оос утаагүй байсан үеийн Улаанбаатарын маань өнөтэй өвөл цагийг санагдууллаа. Гэхдээ энэ бол миний л сэтгэгдэл, сонсогч танд өөрөөр төсөөлөгдөх байх.

Б.Ачболд, Л.Төгөлдөр нарын шүлгээр хийсэн дуунууд өөр өөрийн гэсэн өнгө аястай болжээ. Тэр тусмаа “Өндгөн толгой”-т бүүр хөгжилтэй. Ая нь агуулгаа баяжуулсан нь илэрхий.

Цомогт гитарчин Д.Энхболд (Вовка) үг, аяыг зохиосон “Цахлай” дууг  Буянаа дуулжээ. Өөрийнх нь хоолойнд тохирсон учраас дуулсан гэж бодохгүй байна. Харин түүний романтик, тансаг хөгжмийг багтаасан цомгийн  шалгуурт тэнцсэн болохоор л дуулсан болов уу.

Тоймын эхэнд дурьдсан жигтэй зургийг Буянаа өөрөө зурсан юм байна. Авьяас…

Шинээр авсан CD-ээ Ipod руугаа rip хийн хуулахад ихэнх цомгийн дуунууд Track 1, Track 2, Track… гэх мэтээр үргэлжилж дараа нь гараараа инфо-г нь оруулах болдог. “Эргэх дөрвөн улирал”-аас энэ хүндрэлийг амсуулаагүйд нь “Оргил цаг” студид хувиасаа     талархал илэрхийлье.

 

Гамбино