“Be 4 You” фестивалиас гараагаа эхэлсэн “Лего” хамтлаг тун саяхан анхны цомгоо гаргаад байна. Нийт 36 минут үргэлжлэх есөн дуунаас бүрдсэн “Лего” цомгийг авснаас хойш өдөрт нэг удаа найдвартай сонсдог боллоо.

Үүний учир нь тун энгийн. Яагаад гэвэл бүх дуунууд нь тодорхой утга агуулсан. Агуулсан утгатайгаа тохирсон аятай юм.Аливаа юм хоорондоо тэгш зохицохоор ийм болдог ажээ.

“Лего”-чууд хаа байсан хүй нэгдлийн үе, Хүннү Сүннүгийн үеэс эх түүхээ нуршихыг хүсээгүй бололтой. Бодвол амтай болгон ярьдаг болохоор тэр байх. Харин тэд хүн төрлөхтний түүхэнд хамгийн олон мөн онцгой өөрчлөлт авчирсан ХХ зууны Монголын түүхийг 3:37 минутанд “уншиж” өгөхийг “Манж” дуунаас нь сонсох болно. Хоёрдугаар бадгийн “Сүхийн талбай…” гэдэг мөрийг “Зөвлөлт засаг…” гэсэн мөрний өмнө оруулсан  бол түүхэн үнэнд илүү ойр болох байсан болов уу.

Тэд хэрхэн гэмшдэгээ “Алдаа”, харанхуйн айдсаа яаж давдагаа “Чадна” дуунуудаараа өгүүлжээ. “Алдаа”-гийн шүлэг их нандин, дахилтны хөгжим нь зүрх урагдам, хоёрдугаар бадгийн дахилтын дараа явдаг хэсэг (02:12-03:00) ямар нэг зүйлийг тайлбарлаж хэлэх гэж оролдох мэт сэтгэгдэл төрүүлнэ. Юу ч болсон сонсоод үз, танд өөр санагдаж болох юм.

“Чадна” дууны гоцлол гитарын тоглолтыг бага зэрэг сунгаад өгсөн болоосой гэдэг бодол хэд дахин сонсоход өөрчлөгдсөнгүй. Авьяас дутсан биш юугаа харамладаг байнаа ?

Хуучин “Лего”, цомгийн дизайнер Ууган-Эрдэнийн үг, аяыг нь зохиосон “Аялгуу” энэ цомогт орсон цорын ганц уянгын дуу. Хэлж чадахгүй үгээ хөгжмийн хэлээр хүмүүст хүргье гэвэл ийм хөг, эгшиг тэнгэрт хүртэл уянгалах байх.  Гайхамшигтай…

Хамтлагийн бөмбөрчин Н.Тэмүүлэн мэргэжлийн хөгжмийн зохиолч залуу. Тийм ч учраас өөрийн зохиосон аяндаа бөмбөрийн тоглолтыг бараг гоцлол гэхэд болмоор зохиомжилжээ. “Чиний гараас” дууг сонсоход энэ бүр илүү мэдэгдэнэ.

Царайлаг бас сэхүүн охидын тухай өгүүлсэн “Fashion” үнэн тасархай дуу. Тэд нийгмийн ямар ч цаг үед байсан, байсаар ч байх болно. Би залуу байхдаа царайлаг охидыг юу бодож байгааг нь таах гэж оролддог байсныхаа хариуг одоо л мэдэж авлаа. “Лучше поздно чем никогда”…

Лего цомгийн хамгийн саак дуу юу вэ гэвэл “Хамтдаа нис” гэж ямар ч эргэлзээгүй хэлнэ.      Эхлэл хэсэг нь савхин хүрмээ нөмөрч, өвч зэмсгээ аваад хаашаа ч хамаагүй явах хүслийг бадраах шидтэй юм. Нүдээ аниад сонсоход өөрийн эрхгүй байкерууд төсөөлөгдөх нь хачирхалтай. Амьд хөгжим, эрх чөлөө, рок life стайл шууд мэдрэгдэнэ. Танд л гэж хэлэхэд “Лего” цомгийг аваад хамгийн түрүүн энэ дууг сонсохыг зөвлөе.

“Лего”-чуудтай уулзаж байхад ирээдгүйгээ гэрэл гэгээтэй хардаг болох нь мэдэгдэж байлаа. Үүнийгээ тэд “Ааваа ээж…” дуугаараа батлажээ. Айл болгонд архи уудаг, авгайгаараа тэжээлгэдэг “Мангас” байлгахыг тэд хүсдэггүй, тийм бурангуй явдалтай тэмцэнэ гэдгээ энэхүү дуугаараа илэрхийлсэн байна.

1993 онд гарсан даруйдаа хит болж байсан АНУ-ын “Real 2 Real” хамтлагийн “I Like to Move It” дуунд суурилсан  “Лего-Move It” эхлэнгүүтээ өөрийн эрхгүй ухас ухас хийлгээд байх шидтэй дуу болжээ. Үү Үү Үү гэх нь бүүр маягтай, босож бүжиглээд, дагаж дуулмаар.

Эцэст нь хэлэхэд энэ нь тааруухан болж гэхээр юм энэ цомгоос олдсонгүй. Уг нь ес биш ядаж арван хоёр дуутай байсан бол бүүр гоё болох байлаа гэмээр байна. Зарим нэгэн мэргэжилтнүүд Инди рок гэж магадгүй. Харин надад “Franz Ferdinand” гэмээр Dance-Punk хөгжим сонсогдлоо. Гоё байна.

Цомгийн ковер нь бас өвөрмөц, бараг шинжлэх ухааны туршилт гэмээр. Өөрсдийнхөө зургийг сканердаж авсан гэхээр сонин сэтгэсэн хэрэг шүү…

“Лего”-г бэлгэнд авсан бол битгий өөр хүнд дамжуулаарай. Худалдаж авсан бол нандигнан хадгалаарай. Онлайнаар авсан бол өөр нэг газар копигоо нуугаарай, санаандгүй дэлэтлэвэл балрана шүү дээ.