Дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Мартагдахгүй” шилдэг дууны цомог 2014 онд нийт 25 дуутайгаар сонсогчдод хүрч байна.
1960 оноос 1990 он хүр¬тэл Г.Түмэндэмбэрэл, П.Адар¬сүрэн, Б.Энхбат, Ц.Өлзий-Орших, Д.Мөнхбаяр нарын бахдам дуучид ятгатай дуулдаг байсны дотроос Төв аймгийн театрын дуучин хос МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн гэр бүлийн хайрын тухай хослон дуулдгаараа онцгой содон байв. Монголын анхны мэргэжлийн эрэгтэй ятгачид анх
Г.Түмэндэмбэрэлийн дууг хамсран хөгжимдснөөр ятгын дөрвөлтэй дуулдаг хэв маяг дэлгэрсэн байдаг.

Сүүлийн 20 гаран жил ятгатай дуулдаг дуучид ховордож нийтийн дуунууд ихэвчлэн бичлэг фонограмтай төрж байна. Харин ятгатай хамтран дуулах нь одоо цагийн хэллэгээр бол unplugged тоглолт бөгөөд илүү амьд дуугаралттай, хүний чихэнд наалдацтай, дуучин хөгжимчид хамтран тоглохдоо илүү мэдрэмжтэй чөлөөтэй хөгжимдөх дуулах боломжийг олгодог билээ.

Ятгын эгшигтэй эрэгтэй эмэгтэй дуучид хослон дуулахад эгэл хийгээд энгүй сайхан аялгуу төрдөг. Учир нь ятга хөгжим үндэсний уламжлалт хөгжмийн 5 эгшигт хөгтэй, тоглож сурахад амар дөхөм, зөөлөн намуухан өнгө дуугаралттай тул олон зууны турш Монголын төрийн хөгжим хийгээд ардын нийтийн дунд маш өргөн дэлгэр хэрэглэгдэж байсныг Монголын олон аймгийн музейд хадгалагдаж буй эртний ятга хөгжмүүдийн цуглуулга, мөн түүхэн баримт, гэрэл зургуудаас харж болно. 1990-ээд оноос өмнө түгээмэл хэрэглэж байсан 13 утастай Монгол ятга зөөлөн өнгө дуугаралт, хөг хөгөлгөө, өөрийн гэсэн өвөрмөц тоглох арга барилаараа Хятад, Вьетнам зэрэг бусад азийн орны ятгаас ялгардаг ба монгол донж маягтай ардын ая богино дууг тоглоход их зохицдог билээ.

Ятгатай дуулахын сайхныг хүмүүст дахин мэдрүүлэх, ардын хөгжмийн зэмсгийн амьд тоглолттой нийтийн дууг дуулах орон зай зах зээл байгааг харуулах үүднээс МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар энэхүү “Мартагдахгүй” цомгоо сонсогч олондоо өргөн барьсан болов уу. Дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар олон жил ханилж уран бүтээлээ хамтран туурвиж байсны хувьд тоглолтын явцад бие биенээ мэдэрч, дууг нэгэн сэтгэлтэй хүмүүс шиг дуулдгаараа ард түмэнд илүү хүрдэг билээ.

Уг цомогт 70-80 аад онд нийтийн дууны урлагт нэрээ гайхуулж явсан хөгжмийн зохиолч урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүхийн ая Ханьсах заяа, Чи бидэн хоёр, Залуусын золбоо зэрэг алтан үеийн дуунууд мөн 2013 онд бүтээсэн Ижил заяа хит дуунууд багтсан. Мөн Вансэмбэрүү дуугаа шинэ найруулгатайгаар цомогт оруулжээ.
“Залуусын золбоо” дуунд аялгууг татаж дуулах, түр зогсох, темп хурдлах мэтээр маш чөлөөтэй тийм чөлөөт илэрхийллийг үзүүлжээ. Энэ зөвхөн амьд тоглолт бичлэггүй дуунд илэрхийлж болох мэдрэмж юм. 2014 онд энэ дуунд твист бүжгийн хэмнэлийг ятгын эгшигтэй хослуулан шинээр найруулан дуулж цомогтоо оруулжээ.
Монгол ятгыг хиймэл хумсгүй зөвхөн хуруугаар тоглодог онцлогтой. Тэгвэл “Отрын адуучин” дуундаа С.Вандан ятгын утсыг нясалж жалам харыг санагдуулам морин төвөргөөн, адуучин залуусын цог хийморийг дүрсэлдэг.

“Үд дундын наран” дуунд дуучид нэг л аялгууг зэрэгцэж дуулах бус хоёр өөр эгшгээр хоолой салган дуулж олон хоолойн гармоний дуугаралт гаргаж байгаа нь тухайн үедээ дан хоолойгоор дуулдаг хэвшмэл хэлбэрээс өөр шинэ найруулга байсан. Мөн аялгууг татаж дуулах, зогсолт хийх мэтээр чөлөөт илэрхийлэлтэй дуу болжээ.
“Миний хоёр ээж” дуунаас эмэгтэй, эрэгтэй нийлсэн олон хоолойн гайхалтай нэгдэлийг сонсож болно.
МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын дууны ятга хөгжмийн найруулга нь ихэнхдээ тогтсон хэмнэлтэй буюу 16-тын ритмийн хэлбэрийг түлхүү ашигладаг нь үелзэх мэт урсгал хөдөлгөөнийг хөгжимд авчирдаг. Та бүхэн “Чин хүслийн дуу”-наас энийг олж мэдрэх боломжтой.

“Зүүдэн бороо” дууг С.Цэрэнчимэд агсаны дуулснаар, Ухаарч амьдрах хорвоо дууг МУГЖ Н.Төмөрхуягийн сонсогчдын танил болсон дуу билээ. Мартагдахгүй цомогт С.Вандан, Д.Дуламсүрэн “Зүүдэн бороо” дууг гитартай дуулсан нь мөн л 80-аад оны дууны мастерууд Б.Бадрууган агсан, МУГЖ Н.Төмөрхуягийн гитар тоглох өвөрмөц хэв маягийг эрхгүй санагдуулна. Тус цомогт Миний ээж, Эрээн нуур зэрэг 90-ээд оны хит дуунууд бас бий.
“Мартагдахгүй” цомог 70-80 аад оны сонсогчдын дурсамжийг сэргээж, залуу насандаа эргэн очиж, аялан дуулж байсан дуугаа эргээд нэг сонсох боломжийг олгосноороо сайхан санагдах нь гарцаагүй.