Path in the steppe /24 Romances/

(Монгол) Монголын орчин цагийн хөгжмийн томоохон хэсэг дуулаачийн урлаг хоёр том ундрагатай. Нэг нь монгол хүний зуун зууны оюун сэтгэл, аж төрөл, агаар усыг аялгуунд хэлхсэн үлгэр туульсын ая, урт богино дууны урлаг, нөгөө нь италийн дуулаачийн урлагийн уламжлал дээр тулгуурласан өрнөдэхний сонгодог дэг сургууль. Энэхүү 24 хүүрнэл дуу (романс) нь дээр дурдсан сонгодог дэг сургуулийг эзэмшихэд хөлс хүчээ өгч байгаа дуулаачдад зориулагдсан бүтээл.

Монголын үндэсний дуурийн театр 1963 онд П.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийснээс хойш эдүгээ үндэсний 20 гаруй дуурьтай болжээ. Мэргэжлийн дуулаачид бэлтгэдэг бүхэл бүтэн тогтолцоо бүрэлдсэн байна. Тэднийг бэлтгэхэд монголын хөгжмийн зохиолчдын үүнээс урьд туурвисан мэргэжлийн чигийн дуу, хүүрнэл дуунууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүнд нэмэр болоосой гэсэн сэтгэлийн дуудлагаар энэхүү 24 хүүрнэл дууг бүтээсэн билээ.

1990-ээд он хүртэл миний бие яруу найрагч Дожоогийн Цэдэвтэй хамтарч нэлээд хэдэн нийтийн дуу бүтээсэн байв. Түүний “Бодол”, “Талын харгуй” гэдэг яруу найргийн хоёр эмхэтгэл миний номын санд байсантай танилцах явцад цуврал хүүрнэл дуу бүтээх сэдэл санаа төрсөн юм.

“Талын харгуй” хэмээх шүлэгт:

     Талын харгуйн гарааг хэн хэлнэ

     Талын харгуйн бариаг хэн мэднэ

     Талын харгуй

     Таныг ч

          Намайг ч

               Хөтлөн зурайна гэсэн үг бий.

Хүний амьдралын эхлэл төгсгөлийг хэн ч хэлж чадахгүй, харин амьдралын харгуй хэнийг ч өөрийнхөө горим голдиролоор хөтөлдөг жамтай гэсэн энэ санаа хүүрнэл дуунуудынхаа агуулгын цөм болгоход надад тусалж “Талын харгуй” шүлгээр цувралаа нэрлэхээр шийдсэн юм. Ингэж Д.Цэдэвийн шүлгийн хоёр түүврээс нар cap, уул ус, жаргал зовлон, үхэл хагацал, хайр дурлал, ачлал буян, атаа хорсол гэхмэт хүний амьдралын гэрэл, сүүдрийг цогцлоох агуулгатай шүлгүүдээс нь сонголт хийж эхэлсэн юм.

Хүүрнэл дууг бүтээх явцад Д.Цэдэвийн шүлгүүдээс өөрийн чадал чинээгээр хасах, нэмэх ажил хийж байлаа. Заримдаа бүр агуулгын өөрчлөлт оруулах ч оролдлого хийлээ. Жишээлбэл, “Улирах цаг” шүлэг нь Д.Цэдэвийнхээр хуучин оноо үдэх, шинэ оноо угтах торгон мөчлөгийн тухай өгүүлдэг бол минийхээр үхэл амьдрал хоёрын яг зааг агшин болж өөрчлөгдсөн юм. Тэгээд “Улирах цаг” үхлийн тухайдах санааг агуулсан хүүрнэл дуу болсон.

24 хүүрнэл дууг бүхэл бүтэн цогц цуврал зохиол болгоход Д.Цэдэвийн хоёр эмхэтгэлээс гүйцэт бүрдүүлж чадалгүй зохиогчоор уул цувралд байгууштай “Отгонтэнгэр минь”, “Чиний минь нулимс”, “Дуртмал наран шарга”, “Өчигдөр”, “Наран тогоруу” зэрэг шүлгийг тусгайлан захиалж нэмж хийлгэсэн.

“Талын харгуй” хүүрнэл дууны цувралыг бүтээсэн он цагийн хувьд “Цэцэгхэн чи минь” хүүрнэл дууг 1990 оны 12 сарын 3-нд эхлэн бичиж, “Би хувьтай гэгдэх хүний нэгэн” хүүрнэл дууг 1991 оны 2 сарын 13-нд хамгийн сүүлд бичжээ.

Өөрөөр хэлбэл 24 хүүрнэл дууг нийт 42 хоногт бүтээсэн байна.

Энэхүү цувралыг сонгодог дуурийн урлагт дуулаачдийн хоолойг сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэсэн үндсэн таван төрөлд хуваадгийг харгалзан басс хоолойд 4, бусад хоолойд тус бүр 5 хүүрнэл дууг зориулсан юм. Бас И.Бах, Д.Шостакович зэрэг хөгжмийн суутнууд болоод манай С.Гончигсумлаа зэрэг хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан 24 бүрэн хөг (тональность)-т тохируулан бүтээсэн бүтээлүүдийн зарчмыг баримталсан болно. Энэ нь хамгийн эхний хүүрнэл дуу “Талын харгуй” до-мажорт (До их хөг), хамгийн сүүлийн хүүрнэл дуу “Дуртмал наран шарга” ре-минор (ре бага хөг)-т зохиогдсон гэсэн үг. Ингэж 24 хөгөөр дуулаачийн цуврал зохиол бичсэн хөгжмийн зохиолч байдаг эсэхийг би мэдэхгүй юм.

“Талын харгуй” цувралыг анх 1991 оны 10 дугаар сард манай дуурийн шилдэг дуучид Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд анх удаа дуулсан юм. Түүнээс хойш манай дуучдын урын санд орж, мэргэжлийн сургуулиудын сургалтын хэрэглэгдэхүүн болсон төдийгүй олон улсын дуулаачдын уралдааны болзолд багтаж, концертмейстрүүдийн дунд тусгайлан уралдаан зохиогдсон билээ. Энэ бүхэн нь уул цувралыг хэвлэн нийтлэх хэрэгцээ байгааг харуулсан юм.

Манай дуучид байгаль эхээс заяасан монгол хүний эрчимт уран хоолойныхоо эрдэм чадлыг өсгөн төлжүүлж өрнөн дэвжих болтугай!

     Талын харгуй

          Таныг ч

               Намайг ч

                    Хөтлөн зурайна.

℗ 2020 “Хай-Фай Рекордс”

Release Date:2020-09-11
Genre: Сонгодог / Classical

CD: 33,000 Download: 28,000

Clear

You may also like…