Төгсжаргал овогтой Мөнх-Эрдэнэ ( Реппэр GEE гэдгээрээ олонд танигдсан) нь 1983 оны 7-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. Радио Телевизийн Дээд сургуулийг сэтгүүлч, зураглаач мэргэжлээр 2005 онд дүүргэсэн. “Click Click Boom” бүлгийн анхны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд албан ёсоор 2006 онд уран бүтээлийн гараагаа эхэлсэн. 2008 онд анхны цомог болох “Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл”, 2009 онд “Мөнгөгүй хүний цомог”, 2010 онд “Монгол реппэр” цомог, 2011 онд “Монголз” цомог, 2014 онд “Geometry” цомгоо тус тус гаргасан. Мөн CCB бүлгийн хамтаар 2011 онд “Үл хөдлөх хөрөнгө” цомог, 2013 онд “Нүүдэл” цомгуудыг гаргажээ. 2009 онд “Click Click Boom”-Үл хөдлөх хөрөнгө (6000 гаруй үзэгчид), 2010 онд “Монгол Реппер”, 2012 онд “Click Click Boom & Onyx-Original Hip Hop” (4000 гаруй үзэгчид) тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан.   “Ub palace”-ийн “Royal” танхимд  11-р сарын 14-нд “Юуны төлөө” бие даасан тоглолтоо хийсэн. “7 сарын 1”, “Алтан Ус”, “Микроны босс” зэрэг уран сайхны кинонуудад гол дүрийг бүтээсэн. Мөн “Нарны жим” олон ангит кинонд тоглосон. “Жонон” хамтлагтай хамтран 2011 оны 9-р сарын 11-нд “Mongolz” нэртэй цомгоо гаргасан. Тус цомогт “Хужаа”, “Өөрийнхөөрөө бай”, “Үг аялгуу” feat Наран, “Хаана байна”, “Миний нутгийг надад үлдээ” feat Баяраа, “Монголын түүх” feat Click Click Boom, “Намайг үзэн яд” feat Очироо, “Зогсолтгүй” feat S4, “Монголз” feat МУАЖ Чимэдцэеэ зэрэг 9 дуунаас бүрджээ.