“Цасан дээр”, “Би асуумаар”, “Уучлаач хайрт минь”, “Мартахгүй”, “Гүнж”, “Буцаад л хоёулаа”, “Надаас өөр хэнд ч ирээгүй дурлал”, “Чиний явсан зүгт”, “Урваагүй” зэрэг залуусын сэтгэлд хоногшсон хайрын тухай дуунуудын эзэд бол “Take off” хамтлаг. “Take off” хамтлаг нь 2004 оны 3-р сарын 1-нд UB palace-ын дэргэдэх хамтлагаар Б.Нарангэрэл, Д.Баясгалан Э.Сүхжаргал, Э.Бат-Эрдэнэ нарын 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Одоо Наагий, Сүхээ, Баясук, Золбоо гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Поп, R&B чиглэлээр дуулдаг. “Take off” хамтлаг нь 2005 онд “Гурван цаг” анхны бие даасан цомог, 2006 онд “Мартахгүй”, 2008 онд “Хайрын нислэг” цомгуудаа гаргасан. 2005 онд “UB palace”-ын концертын их танхимд “Гурван цаг” нэртэй анхны бие даасан тоглолт, 2006 онд “Мартахгүй” бүрэн хэмжээний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд, 2008 онд “UB palace”-ийн концертын их танхимд “History of Take Off” бүрэн хэмжээний амьд тоглолт, 2013 онд "Take off 10 жил" Unplugged тоглолт BLUE SKY TOWER "VEGAS CLUB" 2016 онд Crocus event hall-д “Зүрхний” тоглолтоо тус тус толилуулжээ. Хамтлагийн гишүүн Д.Баясгалан буюу Баясук нь 2008 оноос бие даан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 2009 онд “British Pop” чиглэлийн хөгжмийн найруулгатай “Metro sound” цомог, дараа нь “Secret” нэртэй цомог гаргасан.