Өлзийбаяр Б., Загарсүрэн П.

Урсгал:
Дуучин Бямбадоржийн Өлзийбаяр нь 1987 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн. 2008-2013 онд Хөгжим Бүжгийн Коллежид МУАЖ, ОХУ-ын БУАЖ профессор Д.Жаргалсайхан багшийн удирдлаганд суралцаж төгсөөд, тус оноос эхлэн Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт дуучнаар ажиллаж байсан. Тенор хоолойтой. Дуучин Пүрэвсүрэнгийн Загарсүрэн нь 1991 онд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн. 2010-2015 онд Хөгжим Бүжгийн Коллежид МУАЖ доктор Ш.Чимэдцэеэ багшийн удирдлаганд сурч уртын дуучны мэргэжлээр төгссөн. Меццо сопрано хоолойтой. Б.Өлзийбаяр, П.Загарсүрэн нар хамтран таван дуу дуулж, үүнээс “Хайрын шивнээ”, “Хослон дуулахаар учраа юу”, “Ханийн дуу” зэрэг дуунуудаа дүрсжүүлжээ. Тэдний анхны уран бүтээл “Хайрын шивнээ” дууны шүлгийг Л.Эрдэнэ-Очир, хөгжмийг Ж.Эрдэнэчулуун нар зохиож, 2014 онд олны хүртээл болгосон юм. 2015 онд Е.Балчиндоржийн шүлэг, Л.Самбалхүндэвийн хөгжим “Хослон дуулахаар учраа юу”, Л.Гаваасүрэнгийн шүлэг, Т.Галсанбатын хөгжим “Ханийн дуу” дууг тус тус дуулжээ.