Чинбаяр Э.

Урсгал:
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц дуулалтаараа онцгойрон “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг амилуулж дуунд дуртай дуучин монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин бол MУСТА, дуучин Э.Төрмандах. Эрдэнэсүрэнгийн Төрмандах нь Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид Ц.Ерөө багшийн удирдлаганд сурч 2005 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Монгол үндэстний дууны их наадамд оролцон тэргүүн байрыг эзэлж, Соёлын тэргүүний ажилтан болжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын хөгжим, яруу найрагч Жамбалсүрэнгийн шүлэг "Нарны орон" дууг дуулснаар түүний анхны уран бүтээл төрсөн гэдэг. Түүний дараагаар яруу найрагч Н.Баянмөнхийн шүлэг, МУСГЗ Д.Цэцэрлэгийн хөгжим "Аав л нутаг хоёр" хэмээх дууг дуулжээ. Э.Төрмандах нь 2010 онд “Сайхан”, 2012 онд “Борхон зүрхний аав”, 2013 онд “Аархал” цомгоо гаргаж, 2011 онд “Зүүдний шувуу шиг бүсгүй”, 2013 онд “Аархал”, 2014 онд “Дүүрэн жаргалтай хорвоо” тоглолтуудаа толилуулсан байна.