Пүрэвдорж Г.

Урсгал:
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдорж нь 30 гаруй жил эстрад хөгжимд үнэнч зүтгэсэн бөгөөд Түүнийг “Тавтай нойрсоорой”, “Түүдэг гал”, “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш”, “Мартъя”, “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг үе үеийнхний дурсамж хөглөсөн аялгуугаар нь мэдэхээс гадна урлагийн хүрээнд Монголын ууган дууны найруулагчдын нэг, шилдэг төгөлдөр хуурч, олон сайн шавьтай хүн гэдгээр нь хүндэлдэг.   Г.Пүрэвдорж нь Уралын Хөгжмийн дээд сургуулийг 1980 онд төгссөн. Бие даасан уран бүтээлээ 1985 оноос эхэлж,  "Шинэ өглөө", "Тавтай нойрсоорой", "Түүдэг гал" зэрэг хүүхдийн дуунуудаар уран бүтээлээ эхэлжээ. Хүүхдийн дуунуудаараа "Зуслангийн найзууд" цомог, шилдэг дуунуудаа түүвэрлэн "UB Night" цомог, төгөлдөр хуур хөгжмөөр Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглож "Love song" хэмээх нэртэй хоёр цомог гаргасан байна. Анхны бие даасан “Нандин эрдэнэ” нэртэй тоглолтоо 2012 оны 9-р сарын 21-нд толилуулжээ.