“Камертон” хамтлаг нь Монголын хөвгүүдийн анхдагч, Монголын шилдэг хамтлагуудын нэг юм. 1995 оны 6 дугаар сарын 24-нд Хөгжим Бүжгийн Сургуулийн оюутан байсан Болдоо, Мээдээ нар Ганаа, Эба хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Хамтлагийн бүрэлдэхүүнд Болдоо, Ганаа, Эба, Мээдээ нар багтана. Хамтлагийн ахлагч Доржсүрэнгийн Болд буюу Болдоо 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. Хамтлагийн гишүүн Лхамжавын Ган-Эрдэнэ буюу Ганаа 1976 оны 12-р сарын 2-нд төрсөн. Галбаатарын Мэнд-Амар буюу Мээдээ нь 1979 оны 2-р сарын 13-нд төрсөн. Батбаярын Эрдэнэбат буюу Эба 1977 оны 12-р сарын 15-нд төрсөн. Хамтлаг анхлан АНУ-ын Boyz II Men хамтлагийн Soul R&B болон поп хөгжмийн урсгалаар дуулж эхэлсэн бөгөөд хамтлагийн уран бүтээл нь хүн болгоны мэддэг "Маамуу нааш ир" хэмээх хүүхдийн дууг хөгжимгүйгээр дуулсанаар эхэлжээ. 1995 онд “Камертон” хамтлаг хөгжмийн зохиолч Энхбаярын тоглолт болон тус жилийнхээ наадмын шоунд “18 нас”, “Маамуу нааш ир”, “Yesterday” зэрэг дуугаа дуулж анх тайзан дээр гарсан гэж хэлж болох юм. Эдгээр дуунууд нь тухайн үед хит дуунууд болж чадсан төдийгүй хамтлагийг олонд таниулах гараа болжээ. Удалгүй “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат “Камертон” хамтлагийн менежерээр ажиллах боллоо. Мөн хамтлаг "18 нас", "Хэн ч уйдаагүй хайр" дуунуудаа бичүүлсэн байна. Тэд 1995 онд 18 нас, 1997 онд “Greatest hits”, 1998 онд “Уйлахдаа ухаар”, 1999 онд “Амин нутаг”, 2000 онд “Retro 2 Remix”, “June 24”, 2001 онд “Төгсөшгүй”, 2003 онд “Өнөөдөр”, “Хайрын хот”, 2004 онд “June 2004”, “Celebration” зэрэг цомгуудаа сонсогч фенүүддээ хүргэсэн юм. 1996 онд “18 нас” нэртэй анхны тоглолтоо, 1997 онд “Хүсэл хясал”, “Greatist hits”, 1998 онд “Unplugged Harmony”, 1999 онд “Бидний түүх” нэртэй 4 жилийн ойн тоглолт, “Хувьсал”, 2000 онд “June 24”, 2001 онд “Төгсөшгүй”, 2003 онд Латин Америкийн "No Mercy” хамтлагтай хамтарсан “Camerton& No Merci” тоглолт, “24 цаг”, “June 2004”, 2005 онд 10 жилийн ойн тоглолт, 2010 онд 15 жилийн ойн тоглолт, 2012 онд 17 жилийн ойн тоглолт, 2014 онд “Camerton Best Hits Unplugged”, 2015 онд “18 нас” тоглолтоо тус тус хийжээ. “Камертон” хамтлаг 1995 онд “Пентатоник” наадмын “Шилдэг дебют хамтлаг”, 1996 онд “Пентатоник” наадмын “Шилдэг хамтлаг”, 1997 онд “Пентатоник” наадмын “Шилдэг поп хамтлаг”, “Шилдэг бүтээл”, 1999 онд “Пентатоник” наадмын “Шилдэг бүтээл”, 2000 онд “Пентатоник” наадмын “Шилдэг поп хамтлаг”, “Шилдэг бүтээл”, 2003 онд “Алтан микрофон” наадмын “Шилдэг хамтлаг”-ийн шагналыг хүртсэн юм. “Камертон” хамтлаг байгуулагдсаныхаа 10 жилийн ойг угтаж 2015 оноос хойш хамтлагийн гишүүд тус тусдаа бие даасан цомгуудаа гарган фэнүүддээ бэлэг барьсан бөгөөд Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп”, “Монгол поп 2”, “Цамцаа тайчаад шид” цомгуудаа гаргасан. Харин Мээдээ “Mi amore” цомгоо 2005 онд,  Ганаа “Дурлалын тэнгис” цомгоо мөн 2005 онд,  Эба “4th street” цомгоо 2007 онд тус тус гаргажээ. 2016 онд хамтлагийн гишүүн Мээдээ “Чамд хэлье” нэртэй бие даасан хоёр дахь цомгоо гаргаж, Болд, Ганаа нар шинэ цомгоо тус тус гаргахаар ажиллаж байна.