Загасан ширээт тамга

Урсгал:
Орчин үеийн урлаг тэр дундаа хөөмийн урлагийг хип, хоптой хослуулан уран бүтээлээ туурвидаг “Загасан ширээт тамга” хамтлаг нь анх 2009 онд байгуулагдаж,  Сэлэнгэ аймгийн нэгэн жижиг суурингийн Соёлын төвөөс уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Хамтлагийн нэр нь эцэг өвгөдөөс уламжилж ирсэн адууны тамганы нэр аж. Үүний учир билэгдлийг бодож хамтлагтаа “Загасан ширээт тамга” хэмээх нэрийг өгсөн байна. “Загасан ширээт тамга” хамтлагийн ахлагч, хөөмэйч Санжжавын Баатар буюу Баатараа Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн. Эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. Хамтлагийн гишүүн, реппер Баттогтохын Одсайхан буюу Бөөмбий нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Зураглаач мэргэжилтэй.   Хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн хөөмий, хархираа, шахаа, исгэрээ, хосмолжин зэрэг хөөмийн төрлүүдээс уран бүтээлдээ ашиглаж ирсэн бөгөөд 2014 оны 3-р сарын 31-нд үндэсний хэв шинжтэй дуунуудаас гадна Тува, Буриад, Халимаг, Хазаар зэрэг Монгол үндэстнүүдийн дуунуудаас бүрдсэн анхны бие даасан Ширээт гал цомгоо гаргажээ. Тус цомогт “Монгол”, “Конгурей”, “Би Монгол хүн”, “Хийморийн овоо”, “Заян наваа”, “Монгол эмэгтэй”, “Эки аттар”, “Хүннү гүрэн”, “Монгол Mix” зэрэг 11 дуу багтсан юм.   Тус хамтлаг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн Долгио” чуулгат 2014 оны 4-р сарын 25-нд анхны бие даасан тоглолтоо амжилттай хийжээ. Барууны хөгжим сонирхогчид монгол репчдийг аль хэдийн анзаарч, 1952 оноос хэвлэгдсэн, Английн нэр хүндтэй “New Musical Express” сэтгүүлийн вэб сайтад “Загасан ширээт тамга” хамтлагийн видеог байршуулсан байна. Тус сэтгүүл дэлхийн олон оддыг таниулж байсан бөгөөд 1970-аад онд Английн хамгийн шилдэг хөгжмийн сэтгүүл гэгдэж байв. Үүнээс гадна “Загасан ширээт тамга” хамтагийн дуу өөр бусад гадаадын сайтууд дээр ч байна билээ.