Морин хуурийн “Домог” хамтлаг нь анх Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн тvvхт их ойг тохиолдуулан нээгдсэн “Хистори” клубын дэргэд морин хуурын гайхамшгийг хvмvvст сурталчилан таниулах зорилгоор 2006 онд байгуулагдаж байжээ. Тус хамтлаг нь хамтлагийн ахлагч, гуравдугаар  хуурч, хөөмэйч Базарваанийн Бат-Очир, нэгдүгээр хуурч, хөөмэйч Доржнямын Шинэцог-гени, хоёрдугаар хуурч Нанзаддоржийн Жигжиддорж, их хуурч, хөөмэйч Гомбо-Очирын Пүрэвдорж, цохивор хөгжимчин Ганбатын Оюунбат гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй тоглодог. “Домог” хамтлаг нь 2007 онд “Domog folk modern group” нэртэй бие даасан цомог, 2012 онд “Домог” хамтлагийн 5 жилийн ойн тоглолтын DVD тус тус гаргасан. 2011 оны 11-р сарын 30, 12-р сарын 1-нд Улсын драмийн эрдмийн театрт “Домог” хамтлагийн таван жилийн ойн концерт, 2012 оны 2-р сарын 18, 19-нд МҮЭСТО-нд Үндэсний хөгжмийн 5 хамтлагийн хамтарсан тоглолтоо толилуулжээ. Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож, хос Гран при шагнал хүртсэн. Тус наадамд нийт 20-иод орны 70 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд хамтлагийн төрөлд “Домог” хамтлаг тэргүүн байр эзэлжээ. Болгар улсын Нессебар хотноо болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын “Домог” чуулга оролцон Гран при шагнал хүртсэн байна.